Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар хотод дулаан хоновол мянган доллар болоод байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг сурагчаар бол анги улирааж, ажлаа хийх хариуцлага хүлээлгэсэн байна. Өөр улсууд пуужиндуулаад тог, дулаангүй болдог бол Монгол угаасаа пуужиндуулсан юм шиг станцуудтай орон.
Гэрэл, дулааны үнэ өсөж ардын нуруу бөхийсөн ч авлигачдын нуруу тэнийсэн салбар.
Цахилгаан станцуудын шинэ нь цаасан дээрээ л 40 жил босож дуусдаггүй, хуучин нь цавчаан дээрээ өөдөлж бардаггүй. 3-р цахилгаан станцын захирал Л.Эрхбаатар 2022 оны 9-р сарын 6-нд 100 саяын авлига авч байгаад үйлдэл дээрээ гардуулсан ч өнөөдөр эрхтэй баатар хэвээрээ үлдсэнд эрчим хүчний салбарын эмгэнэл оршиж байна.
“Хасу-Эрчим” компанийн захирал Б.Бат-Эрдэнэ, “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар нарын өгсөн авсан нь тоогоороо ч өнөөдөр эрхтэй баатрууд хэвээрээ байна. Эрчим хүчний салбар элгээрээ хэвтсэн нь зөвхөн үнэ нь өртөгтөө хүрдэггүйд ч биш авлига авдаг гараараа гарын үсэг зурж, улсын ажлаас хөөгдөх биш улиран сунгагддагт оршиж байна.
Хүүхэд сурагчид шалгалтдаа унаад улирч шийтгүүлдэг бол сайд захирлууд улирч шагнуулдаг. Зардал алдагдал нь захирлын ашиг орлого болсоор байгаа цагт эрчим хүчний салбарт гэрэл асахгүй юм.