Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийг амжилттай төгссөн төгсөгчид өнөөдөр /2025.6.23/ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны тангараг” болон “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөлөө.
Тус ёслолын ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогоо, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүү, Цахим харилцаа, мэдээлэл технологийн газрын дарга, хурандаа Б.Батбаяр, Хүний нөөцийн хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бадамсамбуу нар оролцлоо.
Дотоод хэргийн их сургуулийн Шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийг амжилттай төгсөж, боловсролын зэргийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авсан 55 төгсөгчийг офицерын бүрэлдэхүүнд оруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллага, салбар нэгжүүдэд томиллоо.
Энэ үеэр Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд төгсөгчдөд хандан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулиар хүлээсэн тусгайлсан чиг үүргийг биелүүлдэг төрийн цэргийн ууган байгууллагуудын нэг, энэ өдрөөс эхлэн та бүхэн цэргийн жинхэнэ алба хаагч болж, хууль дээдлэх, хүний эрхийг хангах, төрийн албаны сахилга, ёс зүйг эрхэмлэн дээдлэж явах нэр хүндтэй томоохон үүргийг хүлээж байна. Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хууль журмын хүрээнд шударга ёсыг дээдэлж” явахыг онцлон тэмдэглээд цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.

