Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ) хамтран зохион байгуулж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын хүний эрхийн механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх асуудлаарх уулзалт-хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэг Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц болон уг конвенцийн Хорооны тухай сэдвээр үргэлжиллээ.
Энэ хэсэгт НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хорооны ерөнхийлөгч болон гишүүн асан, ОУПХ-ны тус конвенцийн асуудлаарх шинжээч, Бүгд Найрамдах Гана Улсын Хуулийн хүрээлэнгийн ректор, хатагтай Хилари Гбедемах уг конвенц, түүний Хороо, нэмэлт Протоколын тухай танилцуулга хийлээ.
Манай улс тус конвенцид 1981 онд нэгдэн орсон бөгөөд конвенцид нэгдэн орсон улс орнууд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг эрх зүйн тогтолцоондоо тусгах, эмэгтэйчүүдийг алагчилсан хууль, тогтоомжийг халж, дахин ийм хууль батлахыг хориглох, энэ асуудлаар дагнасан шүүх, төрийн байгууллага байгуулах, ялгаварлан гадуурхалтыг бодитойгоор арилгах үүрэг хүлээж, энэ талаар авсан арга хэмжээний талаарх үндэсний тайлангаа дөрвөн жил тутам тус конвенцийн Хороонд хүргүүлэн хэлэлцүүлдэг.
Улс орнуудын үндэсний тайланг Хорооны шинжээч нар авч хэлэлцээд, анхаарал хандуулан шаардлагатай гэж үзсэн асуудлуудаар зөвлөмж гаргадаг бөгөөд 2022 оны зургадугаар сард хэлэлцүүлсэн манай улсын ээлжит 10 дугаар тайланд 22 үйл ажиллагааны чиглэлээр 93 төрлийн зөвлөмж өгсөн байна.
Уулзалт-хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан дээрх 10 дугаар тайлангийн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар танилцуулав. Манай улсын ээлжит 10 дугаар тайланд Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрх, хамгаалал, хөгжил, ялангуяа нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлснийг дурдаж, мөн жендэрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавьж ажиллах үндэсний болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын тогтолцоог бүрдүүлсэн талаар онцлон, тодорхой үр дүн гарсныг тэмдэглэсэн байна. Харин жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмолжуулах, ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, ажлын байран дээрх эрх болон ажил, амьдралын тэнцвэрийг хангах зэрэг асуудалд илүү анхаарч ажиллах шаардлагатайг онцолжээ.