ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих” төслийн удирдах хорооны сүүлийн хурлыг зохион байгууллаа. Хуралд Япон болон Монголын талын холбогдох байгууллагуудын төлөөлөгчид оролцож, төслийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэн дүгнэлээ.
Төслийн хугацаанд хоол үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулж, нутгийн онцлогт тохирсон хүнсний хангамжийн шийдлүүдийг нэвтрүүлэн, шим тэжээлийн тэнцвэртэй цэс боловсруулан нийт 216 сургуульд хэрэгжүүлсэн байна.
Цэцэрлэг, сургуулийн хүнсний хангамжийн тогтолцоог сайжруулах, орон нутгийн хүнс үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор төслийн хүрээнд анх Ерөнхий гэрээний аргаар худалдан авах ажиллагаа орон нутагт зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар тус аргыг нийслэл, Дархан Уул аймагт хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2025 оны эхний хагас жилийн байдлаар цахим дэлгүүрт байршсан 14 аж ахуйн нэгж байгууллагаас 20 цэцэрлэг, 59 ерөнхий боловсролын сургууль, 2 их сургууль нийт 81 байгууллага 45 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг 545.5 сая төгрөгөөр худалдан авалт хийсэн байна.
Түүнчлэн “Сүү” хөтөлбөрийг 13 аймаг болон нийслэлд амжилттай хэрэгжүүлж, 85 мянга гаруй хүүхэд хамрагдаад байна. Төслийн хүрээнд хүний нөөцийг чадавхжуулах сургалтууд, Япон улсад туршлага судлах боломжуудыг ч олгожээ.
Цаашид төслийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, дараагийн шатны төслийг хамтран хэрэгжүүлэхээр хоёр тал санал нэгдэж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ.
Төслийн хаалтын ёслолын үеэр Японы Улсын Жайка байгууллагын зүгээс “Төсөл хэрэгжүүлэгч талаас Боловсролын яам тэргүүтэй төрийн захиргааны төв байгууллагын xамт олон, ажлын xэсэг тус бүрийн хурал, xэлэлцүүлэг, гарын авлага боловсруулахад идэвxийлэн ажилласанд тань талархаж байна. Загвар гурван бүс нутгийн холбогдох хүмүүс, та бүxний шаргуу хөдөлмөр, xичээнгүй гүйцэтгэлгүйгээр төслийн үйл ажиллагаа бодит үр дүнд xүрэxгүй байсан. Бүтэн дөрвөн жилийн турш биднийг дэмжин, xамтарч ажилласан та бүxэндээ маш иx баярлалаа” хэмээн онцолсон юм.