Педофил хэмээх онош Монголд тогтоогддоггүй: Бага насны хүүхдийг хүчирхийлж буй гэмт хэрэгтнүүдэд хэн хариуцлага тооцох вэ? Сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн тоо буурах бус, тогтмол өссөөр байна.
Ялангуяа бага насны хүүхдийг хүчирхийлж, бэлгийн таашаал авдаг этгээдүүдийг тодорхойлох, ял шийтгэл оногдуулах, эмнэлгийн хяналтад оруулах талаарх эрх зүйн зохицуулалт тун бүрхэг байгааг албаны хүмүүс хэлж байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн (СЭМҮТ) захирал Г.Анхбаяр энэ талаар “Шүүх сэтгэцийн шинжилгээ хийлгэх нарийн процессыг олон нийтэд зарлаад явах боломжгүй. Манай улсад одоогийн байдлаар F65.4 буюу педофил гэсэн онош тогтоогдсон хүн байхгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Б.Нямгомбо "Гэмт хэрэгт шийтгүүлсэн 547 хоригдлын 262 нь (47.9%) нэг удаагийн үйлдэлтэй бол 51 хувь нь удаа дараа, олон жилийн туршид хүүхдийг хүчирхийлсэн” гэдгийг онцолсон нь нөхцөл байдал ямар ноцтой байгааг харуулж байна.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан ч мөн адил анхаарал татсан байр суурь илэрхийлжээ: “Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж буй тоо тогтмол өсч байгаа нь бага насны хүүхдээс бэлгийн таашаал авдаг педофил хүмүүстэй холбоотой байж болзошгүй. Гэвч гэмт хэрэг үйлдсэн этгээдийг педофил гэдгийг тогтоодог эрх зүйн орчин Монголд одоогоор байхгүй байна.”
ХЭҮК-ын өөр нэг гишүүн Б.Энхболд: “Хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг зөвхөн хорих нь хангалтгүй. Хэрэв тухайн этгээд педофилийн эмгэгтэй нь тогтоогдвол тохирсон эмчилгээг албадан хийх хэрэгтэй. Өнөөгийн нөхцөлд түр зуурын шийдлээр хорьж байгаа нь үндсэн асуудлыг шийдвэрлэж чадахгүй” хэмээн онцолсон.
Мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа: “Бэлгийн харилцаанд ‘зөвшөөрөл’ гэдгийг ойлгоогүйгээс болж хүчиндэх гэмт хэрэгт холбогдож буй харамсалтай тохиолдлууд олон байна. Энэ бол зөвхөн хуулийн бус, боловсролын, ёс суртахууны томоохон асуудал юм” гэж мэдэгджээ.
Хууль эрх зүй, сэтгэцийн оношилгоо хоцрогдсон хэвээр Олон улсын практикт педофил хэмээх онош нь зөвхөн сэтгэцийн эмгэг бус, гэмт хэргийн урьдчилсан шинж тэмдгийн нэг гэж үздэг. Тиймээс сэтгэлзүйн эмчилгээ, нийгмийн хяналт, хууль сахиулалтын хамтарсан механизмыг ашигладаг. Гэтэл Монгол Улсад педофилийг оношлох, ял шийтгэл оногдуулах, нийгмээс тусгаарлах механизм алга. Үүний улмаас олон хүүхэд хохирсоор байна.
Монгол Улсад хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа педофил үйлдэлтэй гэмт хэргийг ялган таних, оновчтой хариуцлага тооцох, урьдчилан сэргийлэх асуудал бодлогын түвшинд орхигдсоор байна. Төр, хууль шүүх, эрүүл мэнд, хүний эрхийн байгууллагууд хамтран энэ нөхцөл байдлыг анхааралдаа авч, хуулийн шинэчлэл, оношилгоо, эмчилгээ, боловсролын цогц бодлого хэрэгжүүлэх шаардлага тулгарсаар байна.