-Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны XXIV их хурал энэ оны зургаадугаар сарын 24–25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Хурлаар Монгол Улсын өнцөг булан бүрээс сонгогдсон 250 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд 21 аймаг, нийслэл, 14 салбар хорооны төлөөлөл мандатаа авсан байна.
Энэхүү хурлыг зохион байгуулах бэлтгэлийг бид 2024 оны наймдугаар сард Ерөнхий зөвлөлийн хурлаар эхлүүлж, нийт 10 сарын хугацаанд шат дараатайгаар хангажээ. Хурлын үеэр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, хяналтын дүрэм, алсын хараа, хөгжлийн хөтөлбөр, зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэнэ.
Холбооны дүрмийн дагуу ерөнхийлөгчийг дөрвөн жил тутамд сонгодог. Энэ жил холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Эрдэнэбат Улсын Их Хурлын гишүүн болсон тул их хурлыг анх төлөвлөсөн 12 сараас наашлуулан зургаадугаар сарын 25–26-нд зохион байгуулж байгааг онцолъё.
Их хурлаар зөвхөн дотоод зохион байгуулалтаар хязгаарлагдахгүй, Монголын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, хөдөлмөр эрхлэгчдийн амьжиргаа, нийгмийн тулгамдсан асуудлуудаар байр сууриа илэрхийлнэ.
Их хурлыг зарлах, зохион байгуулах бүхий л шатны үйл ажиллагаа ил тод, төлөөллийн зарчмаар явагдсан. 2024 оны 8 дугаар сард ерөнхий зөвлөлийн хурлаар их хурлыг зарласны дараа улс даяар 2000 гаруй үйлдвэрчний анхан шатны байгууллага (сургууль, цэцэрлэг, компаниуд) төлөөлөгчдөө сонгон оролцсон бөгөөд энэ хүрээнд бүх аймаг, нийслэлийн бага хурлууд зохион байгуулагдсан. Иймд “нууц хурал” гэх шүүмжлэл үндэслэлгүй юм.
Мөн зарим иргэдээс “их хуралд бүх гишүүдийг оролцуулах шаардлага” тавигдсан. Гэвч 200 мянган гишүүн бүхий байгууллагын хувьд бүх гишүүнийг хамарсан их хурал зохион байгуулах нь боломжгүй тул төлөөллийн зарчмаар ажилладаг.
Мөн удирдах албан тушаалд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг хэт хязгаарлалттай гэж үзэж буй саналд хариу өгье. Үйлдвэрчний эвлэлийн дүрэмд зааснаар дээд удирдлагад нэр дэвшигч нь салбарын туршлагатай, дөрвөн жилээс дээш хугацаанд ажилласан байх ёстой. Энэ нь холбооны нийгмийн хариуцлагыг хангах, 1.2 сая хөдөлмөр эрхлэгчийн эрх ашгийг хамгаалах чадавхтай удирдлагыг бүрдүүлэхэд чиглэсэн шаардлага юм. Энэхүү асуудлыг ч мөн их хурлаар хэлэлцэхээр тусгасан.
Маргааш өглөө 09:00 цагт Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Соёлын төв ордонд их хурал эхэлнэ. Их хуралд гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид оролцож, хүний эрх, ардчиллын зарчимд тулгуурласан, олон ургалч үзлийг хүндэтгэсэн нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх болно. Сурвалжлагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд хурлын үйл ажиллагааг бүрэн хэмжээнд сурвалжлах боломж нээлттэй гэдгийг дахин онцлон хэлье.
Р.УУГАНБАЯР