Онцгой байдлын ерөнхий газар, УОК, ЦУОШГ хамтран цаг үеийн нөхцөл байдал, ой хээрийн түймэр, гол усны ослын талаар мэдээлэв.
УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: 2025 он гарсаар улсын хэмжээнд 64 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 121 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 30.4 хувь өссөн дүнтэй байна. Аймаг, орон нутгаар нь аваад үзэхэд Булган 11, Дорнод 21, Сүхбаатар 13, Сэлэнгэ 30, Төв аймагт 10, Хэнтий 18 удаагийн ой хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ сум, Сэлэнгэ аймгийн Түнхэл сумд гарсан ой хээрийн түймрийг цурамд оруулсан. Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагаан-Уул гэсэн сумдад гарсан түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд онцгой байдлын байгууллагын 359 алба хаагч, 22 автомашин, нэг нисдэг тэрэгтэй үүрэг гүйцэтгэж байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл нийт 1212 тохиолдол бүртгэгдсэний 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна. Ерөнхийдөө 5-6 сард шар усны үер, 6, 7, 8 сард голын үер болон уулнаас урссан уруйн үер эзэлдэг. Энэ жилийн тухайд 6-8 сард гэнэтийн үер буюу уруйн үерийн эрсдэлийн түвшин их, гол усны үер 7-8 сард ахих магадлал ажиглагдсан.