Онцгой байдлын ерөнхий газар, УОК, ЦУОШГ хамтран цаг үеийн нөхцөл байдал, ой хээрийн түймэр, гол усны ослын талаар мэдээлэв.
ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа: Хэт халалт үргэлжилж байгаа учраас сүүлийн үед усны ослын тохиолдол нэмэгдэж байна. 2025 он гарсаар усны ослын 38 тохиолдол бүртгэгдэж, 23 иргэн амь насаа алдсаны 16 нь насанд хүрсэн иргэн, 7 нь хүүхэд байна. Онцгой байдлын байгууллагаас 10 иргэний амь насыг авран хамгаалсан.
ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газраас усны ослын мэдээллийг сүүлийн 20, 5 жилээр гаргаж, эрсдэлийн үнэлгээг хийсэн. Энэхүү судалгаа мэдээллээс харахад сүүлийн 20 жилийн байдлаар Коронавируст халдвараас бусад гамшиг, аюулт үзэгдэл ослын улмаас амь насаа алдсан иргэдийн 42 хувийг зөвхөн усны ослоор амиа алдсан байна. энэ нь жилд дунджаар 97 хүн усны ослоор амь насаа алдаж байна гэсэн тоон үзүүлэлт болж байна.
Усны ослын тохиолдлыг судалж үзэхэд сүүлийн 5 жилийн байдлаар нийт усны ослын 69 хувь нь зуны улиралд гарсан. Энэ дундаас 41 хувь нь зөвхөн долдугаар сард амиа алдсан гэсэн тоон үзүүлэлт гарсан байна.