“Омни ассет хоёр ТЗК” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, “Омни капитал ББСБ” ХХК-ийн хөрөнгө оруулалтын захирал Г.Ууганбаяр, “Апекс Капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Лхамдолгор болон холбогдох бусад хүмүүс оролцов.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд болон салбарын оролцогчидтойгоо хамтран сүүлийн жилүүдэд бондын зах зээлийг хөгжүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй, уян хатан болгох бодлогыг баримталж, дотоодын аж ахуйн нэгжүүдэд өртөг бага, богино хугацаанд санхүүжилт татах таатай нөхцөлийг бүрүүлэхээр холбогдох дүрэм, журмууддаа нэмэлт, өөрчлөлт оруулж ажилласны үр дүнд зах зээл дээр бонд гаргалтын хэмжээ нэмэгдсээр байна. Тухайлбал, 2020-2024 оны хооронд 21 компани бонд гаргаж 1.5 их наяд төгрөгийг татан төвлөрүүлсэн бол есөн компани 16 удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах замаар 273.85 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Эндээс харахад манай хөрөнгийн зах зээлд оролцогчид тогтмол өгөөжтэй санхүүгийн хэрэгсэл болох бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж санхүүжилт татах сонирхол улам нэмэгдэж буйн илрэл юм. Энэ бол хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчид та бидний хамтын ажиллагааны үр дүн гэдгийн хэлэхийг хүсэж байна” гэдгийг онцолсон юм.
Тус компани олон нийтэд зориулан 14.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий жилийн 19.2 хувийн өгөөжтэй, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг санал болгон гаргаж байна.
Эх сурвалж
| Санхүүгийн Зохицуулах Хороо
|