Dark Light
Нийгэм | 2025-06-25

ЯПОН УЛСАД ГАЗАР ХӨДЛӨЛТ ИДЭВХЖИЖ БАЙГАА ТУХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сүүлийн үед Кагошима мужийн Токара арлуудын ойролцоох далайн гүнд газар хөдлөлт идэвхжиж, 24-ний өдрөөс хойш 4 баллын хүчтэй газар хөдлөлт хэд хэдэн удаа давтагдсан, 22-ны өдөр Кюүшюү арлын өмнөд хэсэгт орших Киришима цуврал уулсын нэг Шинбэтакэ уул долоон жилийн дараа дэлбэрсэн гэх мэт хоорондоо шууд холбоогүй байгалийн үзэгдэл болсоор байна. Мөн олон нийтийн сүлжээгээр “7 дугаар сард Японд хүчтэй газар хөдлөлт болно” гэсэн цуурхал цацагдаад байгаа тул Япон Улсын Цаг агаарын агентлагаас иргэдэд хандан үнэн зөв мэдээлэл авах, тайван байхыг уриалж байгаа ажээ.  
Одоогийн байдлаар Кюүшюү орчим болж буй хамгийн том чичирхийлэл нь 5.1 балл байгаа нь Зүүн Японы Их Газар хөдлөлт (М9.0)-ийн 1/700,000 орчим буюу маш бага хүчтэй учраас энэхүү газар хөдлөлтөөс үүдсэн тектоник хөдөлгөөн нь алс хол орших Шинбэтакэ галт уулын дэлбэрэлт, “Нанкай хонгилын газар хөдлөлт”-төй хамааралгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.  
"2025 оны 7 дугаар сард Японд томоохон гамшиг болно" гэсэн цуурхал энэ оны 4, 5 дугаар сарын үеэс зөвхөн Япон Улсад төдийгүй Хонг Конг, Тайвань, Хятад зэрэг Азийн орнуудад ч хүчтэй тархаж, Японд ирэх жуулчдын тоонд хүртэл нөлөөлж эхлээд байгаа юм.
Японы Жуулчлалын Байгууллагын (JNTO) мэдээгээр 5 дугаар сард Хонг Конгоос ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 11.2%-иар буурч, 193,100 болсон байна. Япон руу аялах эрэлт хэрэгцээ буурснаас Hong Kong Airlines энэ зун 7 дугаар сард Кагошима, Күмамото руу хийх нислэгээ цуцалжээ. Greater Bay Airlines компани 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Хонг Конг-Токүшима нислэгийг долоо хоногт 3 байсныг 2 болгож бууруулсан. Токүшима мужийн аялал жуулчлалын хэлтсийн мэдээгээр 2024 оны 11 дүгээр сард Токүшимагийн нислэг эхлэх үед суудал дүүрэлт 57% байсан бол 4 дүгээр сард 51%, 5 дугаар сард 22% болж буураад байгаа аж.  
Тус ЭСЯ-д “энэ цуурхал үнэн эсэх тухай” асуудлаар хандаж байгаа Монгол иргэдийн тоо цөөнгүй байгаа тул энэхүү цуурхлын тухай мэдээлэл, тайлбарыг өгөх нь зүйтэй гэж үзэн мэдээллийг дараах байдлаар хүргэж байна. Үүнд: 
Цуу яриа гарах болсон учир шалтгаан:  
Энэхүү цуурхал нь 2021 онд “Asuka Shinsha” хэвлэлийн газраас хэвлэн гаргасан зохиолч эмэгтэй Тацүки Рёо-гийн “Миний харсан ирээдүй” /The Future I Saw/ манга номноос үүдэлтэй гэгдэж байна.  
Тацүки Рёо нь 1954 оны 12 дугаар сарын 2-нд Канагава мужид төрсөн, Ёкохама хотод амьдардаг. 1975 онд Акита Шотен хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Monthly Princess" сэтгүүлд анхны бүтээлээ толилуулсан. Тэрээр "Хүүхэлдэйн домог /A Doll Story/", "Цагийн эрхэнд /The Girl in Time/", "Хөх дугтуйтай агаарын шуудан /The Light Blue Air Letter/", "Таж Махал байдаг хот /The Town with the Taj Mausoleum/" зэрэг зохиол туурвисан.  
“Миний харсан ирээдүй /The Future I Saw/" бүтээл нь 1994-1998 онд "Үнэхээр тохиолдсон аймаар явдлууд /Really Scary Stories/", "Аймшигтай явдал /Horror Experiences/" сэтгүүлүүдэд хэвлэгдсэн цуврал манга буюу комикс зохиол бөгөөд 1999 онд “Асахи Сонорама” хэвлэлийн газраас нэгтгэж нэг ном болгон гаргаж байжээ. Р.Тацүки энэ онд буюу 1999 онд манга зураачийн ажлаа орхиж, тэтгэвэрт гарсан. "Миний харсан ирээдүй" номын хавчуурган дээр олны анхаарал татахын тулд "Асар том гамшиг 2011 оны 3-р сард болно" гэж бичсэн байсан нь Зүүн Японы Их Газар хөдлөлтөөр биелэл болсноор Р.Тацүки нэрд гарсан аж.  
2021 онд “Миний харсан ирээдүй: Бүрэн хэвлэл” номыг дахин хэвлэлтэд оруулж, хавтсан дээр нь “Зүүн Японы Их Газар хөдлөлтийг урьдчилан зөгнөсөн зохиолчийн бүтээлийг 22 жилийн дараа дахин хянан тохиолдуулав” хэмээн бичиж сурталчилснаар уг ном 1 сая гаруй хувь борлуулагдсан аж.  
Уг ном олон удаа хэвлэгдэн гарах болсон шалтгаан нь "бүрэн хэвлэл"-д нэмж оруулсан шинэ "зөгнөл"-ийн болох өдөр нь ойртсонтой холбоотой юм. Р.Тацүки 2021 оны 7 дугаар сарын 5-р зүүдэлсэн зүүдээ энэ номд нэмж оруулсан бөгөөд “2025 оны 7 дугаар сарын 5-ны 4 цаг 18 минутад Япон, Филиппиний хоорондох далайн ёроолд гэнэт ан цав үүсэж, Зүүн Японы газар хөдлөлтөөс гурав дахин том аварга том давлагаа Японы Номхон далайн талыг нөмрөн авлаа” гэж зүүдэлснээ бичжээ. 
Уг ном хятад хэл дээр мөн хэвлэгдэн гарснаар Хонг Конг, Тайваньд энэхүү зөгнөлийг дагасан цуурхал газар авахад хүрчээ. Тайваний "Фэн Юань" сэтгүүлд 2025 оны 5 дугаар сарын 14-нд бичихдээ "2025 оны 7-р сарын 5-нд Японд асар хүчтэй газар хөдлөлт, цунами болно гэсэн зөгнөл Тайвань, Хонг Конгт хурдацтай тархаж, айж болгоомжлох явдал газар авч байна" гэжээ. Мөн Хонг Конгийн фэншү урсгалын хэд хэдэн мэрэг төлөгчид ойролцоо утгатай зүйлийг зөгнөн хэлсэн гэгдэж, цуу яриа улам тархжээ.  
Уг цуу ярианы нөлөөгөөр Хонг Конг, Тайвань, Хятад зэрэг Азийн орнуудаас ирэх жуулчдын тоонд нөлөөлж, 7 дугаар сарын олон нислэг цуцлагдсан тухай японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.  
Фүжи телевиз 6 дугаар сарын дундуур энэхүү цуу ярианы тухай тусгай нэвтрүүлэг хийж, зохиогч Тацүки Рёо-г олж сурвалжилга авчээ. Р.Тацүки хэлэхдээ "Би энэ цуурхлыг  эергээр харж байна. Хүмүүс энэ цуу мэдээг сонирхон хүлээн авч байгаа нь гамшгаас урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг өсөн нэмэгдэж байгаагийн нотолгоо бөгөөд уг цуу яриаг сонирхох сонирхол нь өөрсдийн аюулгүй байдлын төлөө арга хэмжээ авч, бэлтгэлтэй байхад хүргээсэй гэж бодож байна" гэжээ.  
Мөн нэвтрүүлгээр Хонг Конгын Японд том гамшиг болно гэж хэлсэн алдартай фэншү урсгалын төлөгч эмэгтэйтэй уулзаж асуухад “Би 2025 оны 4, 5 дугаар сард томоохон газар хөдлөлт болох тул Япон яваад хэрэггүй гэж хэлж байсан. Гэхдээ энэ төлөг аль хэдийн биелж, Японы Нагано муж, Хоккайдод том газар хөдлөлт болсон. 7 дугаар сард юу болох тухай юу ч яриагүй” гэжээ.  
Уг нэвтрүүлгээр 2000 онд дэлхий сөнөх тухай Нострадамусын зөгнөл, эртний саяачуудын зөгнөл зэрэг өнөөг хүртэл хугацаанд гарч байсан томоохон цуу яриа, зөгнөлүүдийн тухай, цуу яриа хэрхэн тархдаг механизм, яагаад хүмүүс цуу ярианд дуртай байдаг тухай дэлгэрэнгүй мэдээлж, “иргэд цуу ярианаас цочрол авч, хувийн бэлтгэлтэй байх нь л чухал болох” тухай дүгнэн хэлж байв.  
Японы Засгийн газрын байр суурь:  
2025 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн Япон Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хэвлэлийн бага хурал дээр “Өнөөгийн шинжлэх ухаанд газар хөдлөлтийг урьдчилан таах боломжгүй” гэх тайлбар өгсөн.  
Японы Цаг уурын Агентлагийн дарга Номура Рюичи 6 дугаар сарын 13-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр “Энэхүү цуурхал нь "Олны ам дамжсан худал хуурмаг зүйл” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.  Тэрээр “Өнөөгийн шинжлэх ухаанд газар хөдлөлт болох он цаг, байршил, магнитудын хүчийг урьдчилан таамаглах боломжгүй" гэхийн хамт “Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг Япон Улсад хаана ч хэзээ ч хүчтэй газар хөдлөлт, чичиргээ тохиолдох магадлал бий тул иргэд газар хөдлөлтөд байнгын, өдөр тутмын бэлтгэлтэй байх нь чухал" гэжээ. 
Газар хөдлөлтөд өртөмтгий улс болох Япон Улсад “Нанкай трап /хонгилын/ асар хүчтэй газар хөдлөлт”  болох эрсдэлийн тухай Засгийн газрын дэргэдэх “Газар хөдлөлт судалгааны хороо” байнгын судалгаа тайлан гаргадаг бөгөөд 2025 оны эхээр ирэх 30 жилд том газар хөдлөлт болох магадлал 80 хувь гэж зарласан. Шинжлэх ухааны өнөөгийн аргачлал, судалгаагаар тодорхой газарт урт хугацаанд болох газар хөдлөлтийн магадлалыг урьдчилан таамаглах боломжтой. Гэвч шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл, тоо баримт хязгаарлагдмал тул нарийн огноо, цагийг тодорхойлох боломжгүй хэвээр байна. 
Энэ бүхнээс нэгтгэн дүгнэхэд энэхүү цуу ярианд итгэх нь утгагүй хэрэг боловч Япон Улсад ойрын жилүүдэд “Нанкай трап” хэмээх асар том газар хөдлөлт, цүнами болох магадлал өндөр байгааг марталгүй байнгын бэлтгэлтэй байх нь чухал юм.
Мөн Японд амьдран суудаг болон түр хугацаагаар зорчигчид байгалийн гамшиг хэзээ ч тохиолдож болзошгүй тул байнгын бэлтгэлтэй байж, гар утсандаа Японы Аялал жуулчлалын агентлагийн зөвлөмж болгож буй доорх аппликэйшныг суулгахыг зөвлөж байна.
Уг аппликэйшн нь Япон дахь гамшгийн тухай мэдээллийг цаг тухайд нь танд мэдэгдэх бөгөөд Япон, Англи, Хятад, Солонгос, Испани, Португал, Вьетнам, Тайланд, Индонези, Тагалог, Балба, Кхмер, Бирм, Монгол гэсэн 14 хэлээр үзэх боломжтой.
Эх сурвалж | Токио дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02