УИХ-ын гишүүд Боловсролын сайдыг огцруулах асуудлаар мэдээлэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд нэгдүгээрт авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон сайдыг шууд чөлөөлнө гэдгийг УИХ-ын танхимд мэдэгдсэн. Хоёрдугаарт, зарчимтай байна гэж мэдэгдсэн. Гуравдугаарт, үнэн байна гэдгийг мэдэгдсэн. Ийм ч учраас УИХ 94 хувийн саналаар Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон. Г.Занданшатар Ерөнхий сайдын Засгийн газрыг дэмжиж байгаа. Тогтвортой ажиллаасай гэж хүсэж байгаа. Гэхдээ яг өнөөдрийн энэ цаг хугацаанд авлига, албан тушаал, ашиг сонирхол байхгүй гэж үзэж байгаа. Боловсролын сайд П.Наранбаяртай холбоотой асуудлыг би өнөөдөр танилцуулах гэж байна. Өөрөөр хэлбэл нэр бүхий гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахыг шаардсан шаардлагыг албан ёсоор гардуулж өгөх гэж байгаа. Нэгдүгээрт, авлига, ашиг сонирхолтой холбоотой асуудлаар огцрох болсон үндэслэлийг танилцуулъя.
Нэгдүгээрт, 2024 оны есдүгээр сарын 9-ний өдөр А/72 дугаар тушаалаар сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай 1.2 тэрбум төгрөгийг зарцуулахаа албан ёсоор зарласан. Намрын чуулганаар 1.2 тэрбум төгрөгийн тодорхой төсөвт хөрөнгийг 2025 оны улсын төсөвт тусган зохицуулах замаар санхүүжүүлэхийг урьдчилсан байдлаар тушаал өгч гаргуулсан. Үүн дээр УИХ-ын гишүүд тухайн үед шүүмжлэлтэй хандаж байсан. Гэтэл ямар арга хэрэглэсэн бэ гэхээр ЕБ-ийн 120 сургуулийг жагсаалтаар батлаад, сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай үйл ажиллагаанд хамрагдах, сургууль бүрд 10, 10 сая төгрөг олгох замаар 1.2 тэрбум төгрөгийг тараан байршуулсан. Тараан байршуулсныхаа дараа Сургуулийн судалгаа хөгжлийн шинэ Монгол төв буюу нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага руу тухайн 120 сургуулиас буцаагаад 10, 10 сая төгрөгийг татсан байгаа юм. Буцаан татан төвлөрүүлсэн. Энэ бол яалт ч байхгүй авлигын асуудал. Энэ бол яалт ч үгүй ашиг сонирхлын асуудал. Тодорхой гэрээнүүд нь ч ирсэн. Ерөнхий сайд чуулганы индэр дээрээс хэлсэн. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт өөрийнх нь хэлсэн үнэн бай гэдэг үгээр Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах асуудлыг албан ёсоор хөндөж байна.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: Хоёрдугаарт, ЭЕШ-тай холбоотой асуудлууд байна. Уржигдар УИХ-ын чуулган дээр ЭЕШ-ыг зохион байгуулалтын алдаатай хийсэн. Шалгалтын зарим мэдээлэл алдагдсан байж болзошгүй асуудлууд гарсан. Дээрээс нь төсвийн хөрөнгийг өөрийнхөө хуучин ажиллаж байсан байгууллагатай үгсэн хуйвалдаж эрх мэдлээ ашигласан байж болзошгүй баримт байна. Мөн тодорхой хөрөнгө оруулалтын ажлуудыг бусадтай хуйвалдаж өөрчлөлт оруулсан асуудлууд байгаа. Тиймээс Боловсролын сайд П.Наранбаяр бол хуульд нийцэж ажиллаж чадахгүй хүн юм аа. Боловсролын байгууллагыг улстөржүүлдэг. Боловсролын салбарт хууль бус томилгоо хийдэг. Ийм учраас Боловсролын сайдыг огцруулах ёстой.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Манай тойргийн сонгогчдоос маш олон санал шүүмж ирсэн. Алтан гахай жилд төрөлт их байсан учраас 42 мянган хүүхэд шалгалт өгсөн байна лээ. Энэ хүүхдүүд Монгол Улсын баялаг. Үнэт зүйл. Ирээдүйд Монгол Улсыг авч явах хүүхдүүдийн хувь заяагаар тоглосон асуудал гарсан. Дээрээс нь ЭЕШ-тай холбоотойгоор зарим хүүхдүүдийн оноог өөрчилж өсгөж өгсөн тохиолдлууд баримтаар байгаа. Дархан-Уул аймгаас ирсэн мэдээллээр 73 оноог 91 болгож өгсөн мэдээлэл нь энэ байна. Энэ нь магадгүй Боловсролын сайдын өгсөн чиглэлээр Боловсролын үнэлгээний төвийн дарга нь хийдэг байж болзошгүй мэдээллүүд яригдаж байна.