Монголын үндэсний допингийн эсрэг төвийн явцын шинжилгээнээс 16 бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн. Энэ талаар Монголын үндэсний допингийн эсрэг төвийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны дарга С.Зүчиэс тодрууллаа.
-16 бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн. Зарим багш нар бас холбогдсон гэх мэдээлэл байна. Мөн барилдаагүй удсан бөхөөс шинжилгээ авсан гэх мэт шүүмжлэлүүд гараад байгаа. Эдгээр мэдээллийг тодруулбал?
-Болдбаатарыг бид багшийнх нь хувиар шийтгээд явж байгаа. Дэлхийн допингийн эсрэг төв болон Монгол Улсын Засгийн газрын 2022 онд баталсан Допингийн эсрэг үндэсний бүх нийтээр даган мөрдөх дүрэм гэж бий. Тухайн дүрэмд допингийн дүрмийн зөрчлийг 11 төрлөөр хуваан заасан. Зарим нь тамирчдадаа хамаарна. Зарим нь тамирчдад дэмжлэг олгох этгээд буюу багш, дасгалжуулагч, эмч, бэлтгэл хангагч гэх мэт улсуудад хамаарсан шийтгэл, зөрчлүүд байдаг. Болдбаатар багшийн хувьд дэвжээнийх нь хоёр тамирчнаас допингийн төрлийн бодис илэрсэн. Тухайн хоёр тамирчны нэр 16 тамирчны нэр дунд явж байгаа. Хоёр тамирчин Болдбаатар багшийг допинг хэрэглэхийг санал болгосон, олж өгсөн гэдгийг баримтаар бидэнд өгсөн. Манай байгууллагын хувьд байнга гардаг асуудал л даа. Яагаад гэвэл танайх зөвхөн тамирчдыг шийтгээд байна. Яагаад цаашаа уг руу нь явдаггүй юм бэ. Яг хэн өгөөд, хэн эдэнд зараад, хэн зөвлөөд байгааг олж тогтоохгүй байна гэдэг. Энэ удаад бид зөвхөн тамирчин биш тамирчинд дэмжлэг үзүүлэх этгээд буюу багш дасгалжуулагч эмч нартай холбоотойгоор үүсгэсэн. Болдбаатар өөрөө багш ч гэсэн үндэсний бөхөөр давхар барилддаг. Нэгэнт дүрмийн зөрчил нь үүсчихсэн явж байгаа. Иймд манай байгууллага шийдвэр гаргасан.
-Ямар төрлийн бодисууд илэрсэн юм бэ?
-Нэрийг нь хэлэхэд хэцүү байна. Ямар ч байсан Монгол Улсын хүний эмийн бүртгэлд байхгүй. Дэлхийн аль ч оронд хүний эмд хэрэглэдэггүй. Тухайн бодисыг адуунд хэрэглэдэг. Манай хориглосон жагсаалтад багтсан S1.1 бүлэгт багтах Анаболик стеройд байгаа. Тухайн багшийн өгсөн байцаалтаар хоёр тамирчин эрхээ хасуулж байна.
-Энэ төрлийн зөрчилд ямар шийтгэл оноох вэ?
-Багшийн хувьд хоёр жилээр аливаа төрлийн спортын арга хэмжээнд оролцохыг хориглодог. Хамгийн багадаа хоёр жил. Дээд тал насан туршдаа.
-Нэр бүхий 16 бөхийн хувьд нэрийг нь зарлаад байгаа. Явцын шинжилгээнээс илэрсэн. Тэдний хувьд ямар хариуцлага хүлээх үү?
-Өнгөрсөн оны аравдугаар сараас бид явцын шинжилгээг эхлүүлсэн. Бид МҮБХ-той хамтраад тэмцээнүүд дээр авсан. Явцын шинжилгээг яаж авдаг вэ гэхээр хамгийн түрүүнд тухайн тамирчныхаа рангийг хардаг. Өндөр цол хэргэмтэй бол олон шинжилгээ өгнө гэсэн үг. Хоёрдугаарт, тухайн тамирчны амжилтуудыг хардаг. Гуравдугаарт, мэдээллээр авдаг. Энэ аргаараа 120 гаруй үндэсний бөхийн тамирчдаас явцын шинжилгээ авсан. Одоогийн байдлаар илэрсэн нь 17. Шийтгэл оноосон нь 16. 16 бөхийг энэ жилийн наадамд оролцуулах боломжгүй гэдэг орон нутаг, аймаг, дүүрэг болон улсын баяр наадмыг зохион байгуулах хороод руу албан бичиг явуулсан.