ОБЕГ, УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Сүүлийн 72 цагийн дотор 17 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Сэлэнгэ аймагт 12, Булган аймагт 2, Дорнод аймагт 1, Дархан-Уул аймагт 1, Батширээт суманд 1 ой хээрийн түймэр бүртгэгдээд байгаа. Үүнээс 7 түймрийг бүрэн унтрааж, 3 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг унтраах ажиллагааг газар дээр нь зохион байгуулан ажиллаж байна. Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 12 түймрээс Алтанбулаг суманд 5, Хүдэр суманд 4, Ерөө суманд 2, Цагааннуур суманд 1 түймэр бүртгэгдсэн. 2025 оны зургадугаар сарын 25-ны байдлаар Сэлэнгэ аймагт нийт 30 удаагийн түймэр бүртгэгдсэн байсан бол өнөөдрийн байдлаар 41 буюу сүүлийн 72 цагийн хугацаанд 11-ээр нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Жаргалантын ам, Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Булганы Тэшиг, Дархан-Уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан түймрийг бүрэн унтрааж хүлээлгэн өгсөн. Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Булганы Бугат, Сэлэнгийн Алтанбулаг сумын Гурван цагаан толгой, Орос даваа гэх газруудад гарсан 4 ой хээрийн түймрийг цурамд оруулсан. Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгийн Ерөө суманд 3, Алтанбулаг суманд 2 гарсан нийт 9 түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид дайчлагдан ажиллаж байна.
Өчигдөр түймрийн талаар цахим сүлжээнд нийтлэгдэж олон нийтийн хараанд өртөж байх шиг байна. онцгой байдлын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу удирдлага зохицуулалтаар хангахаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Нямбаяр нар Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийн голомтод удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байгаа. Түймэр унтраах ажиллагаанд онцгой байдлын байгууллага, хил хамгаалах байгууллага, цагдаагийн байгууллага, тухайн сум орон нутгийн тамгын газрынхан, мэргэжлийн анги байгууллагаас шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг тухай бүр нь дайчлан ажиллаж байна. Өнөөдөр хойд бүсэд гарсан ой хээрийн түймрийг унтраахад төвийн бүс, говийн бүс тухайлбал, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Орхон, Дархан-Уул, Нийслэлийн онцгой байдлын газар гээд онцгой байдлын байгууллагын говь, төв, хойд бүсийн алба хаагчдыг дайчлан ажиллаж байгаа. Өчигдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан түймрийн голомтод 16:00 цагаас эхлэн салхи 19-20 м/сек хүчтэй салхилсны улмаас хяналтад авсан баруун хэсгээрээ гал тархах, зүүн хэсгээрээ мөн тархах нөхцөл байдал үүсэж, гал унтраах үйл ажиллагаа хүндэрсэн. Өнгөрсөн шөнө 03:00-05:00 цагийн хооронд түймрийн зарим хэсэгт бага зэргийн бороо орсон. Түймэр унтраах үйл ажиллагаанд нөлөөлөхүйц хэмжээний бороо ороогүй. Өнөөдрийн байдлаар түймэр нэлээд уугилттай, тархалт ихтэй байна. Түймэр унтраах үйл ажиллагаанд орон нутгаас газар тариалан эрхэлдэг байгууллагын тракторууд, мөн хүнд машин механизм буюу бульдозероор түймрийн эргэн тойрон зогоон татах, тархалтыг хязгаарлах арга хэмжээ авч байна.