Тулгар төр байгуулагдсаны 2234 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баярын ЭНЭ ЖИЛИЙН ХАМГИЙН АНХНЫ НААДАМ болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсад зохион байгуулагдаж буй “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-аар эхэллээ.
Тус наадмыг нээж Гадаад Харилцааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Дэлхийн Монголчуудын наадам”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхтүшиг, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ-ын дэд тэргүүн Г.Ганзориг, Монгол улсаас Бельгийн хаант улсад суугаа элчин сайд Л.Болд нар нээж мэндчилгээ дэвшүүллээ.
Хилийн чанадад нийт 250,000 орчим Монголчууд оршин суудгаас Европ тивд 85,000 орчим нь ажиллаж, амьдарч байна.
Наадамд хүчит бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, нумт шагайн харваа, Дээлтэй Монгол наадам, Соёл, урлаг Монгол үндэсний хувцасны үзүүлбэр, ардын урлагийн тоглолт, язгуур урлаг, Монгол бичиг, тоглоом, уран зургийн уралдаан зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.
“Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ыг Монгол Улсын ЕТГ, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдын яамд, Монголын үндэсний бөхийн холбоо болон “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ, Монгол иргэдийн үүсгэл, санаачилгаар байгуулагдан ажиллаж буй байгууллагууд хамтран зохион байгуулж байна.