Орчин цагийн Зэвсэгт хүчний түүхэнд төдийгүй Монголын ард түмэнд “Хээрийн академи” хэмээн хүндлэгдсэн тус анги алдарт зургаадугаар морьт дивизийн үргэлжлэл, 1969 онд Дорнын их говь, Зүүнбаянд шилжин байршсан хоёрдугаар мотобуудлагын тусгай бригад, 1979 онд өргөтгөн зохион байгуулагдсан зургаадугаар Мотобуудлагын дивизийн түүхэн нэршил билээ. Энэхүү түүхэн дивиз буюу Зэвсэгт хүчний 336 дугаар ангид УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Батлут ажилласан юм.
Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн үйл ажиллагаа, бие бүрэлдэхүүнтэй танилцах уулзалтад Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал тэргүүтэй удирдлага, алба хаагчид оролцлоо.
93 жилийн түүхт тус цэргийн анги нь өдгөө, орчин үеийн зэвсэглэл, техник тоног төхөөрөмжийн хангамж бүхий мотобуудлагын батальон, артиллерийн дивизионы цэргийн байрууд, сургалтын танхим, соёлын төв, эмнэлэгтэй цогцолбор цэргийн анги болон хөгжиж байна.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут цэргийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчидтай танилцах үеэр дотоод үйл ажиллагааг сайжруулахад “Соёл спортын цогцолбор” байгуулах, засварлах шаардлагатай объектуудын дээврийн засвар, хугацаат цэргийн алба хаагчдад амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх танхимыг тохижуулах зэрэг тулгамдаж буй асуудлуудад шийдэл эрэлхийлж ажиллахаар боллоо.