2025 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Эг Алтай нуруунаас эхтэй Бодонч, Хангай нуруунаас эхтэй Завхан, Богд, Чигэстэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-35 см нэмэгдсэн байна.
Өнөөдөр буюу 29-ний өдөр Хөвсгөлийн нутаг, Булганы баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.
Иймээс гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер болох нөхцөл бүрдэх тул үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мөн түүнчлэн голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Ус, цаг агаар орчны шинжилгээний газраас зөвлөж байна.