2025 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсад цахим мөрийтэй тоглоомын бүхий л хэлбэрийг хуулиар бүрэн хориглолоо.
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан, цахим бооцоот тоглоом, төлбөрт таавар зэргийг хориглох хууль 2024 оны 5 дугаар сарын 30-нд Улсын Их Хурлаар батлагдаж, өнөөдрөөс буюу 2025 оны 7 сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна.
Хуульд зааснаар:
-
Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, дэмжих, сурталчлахыг бүрэн хориглоно.
-
Зөрчил гаргасан иргэнийг 5,000–10,000 нэгж, хуулийн этгээдийг 50,000–100,000 нэгж төгрөгөөр торгоно.
-
VPN ашиглан хууль зөрчсөн ч хариуцлага хүлээлгэнэ.
-
Зохион байгуулагчийг 6 сар – 3 жил хүртэл хорих, зорчих эрхийг хязгаарлах, торгох зэрэг ял оногдуулна.
1.7 их наяд төгрөг гадагш урсжээ
Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны дүнгээр 2023–2024 онд цахим бооцоот тоглоомоор дамжин гадаад улсад 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар урссан нь тогтоогдсон бөгөөд энэ нь нэг иргэнд дунджаар 485,000 төгрөг ноогдох хэмжээтэй том алдагдал юм.
Нийгэмд учруулж буй хор хөнөөл
Цахим мөрийтэй тоглоом нь:
-
Өр зээл, ажилгүйдэл
-
Сэтгэл гутрал, амиа хорлолт
-
Гэр бүл салалт, санхүүгийн хямрал
зэрэг нийгэм, эдийн засгийн ноцтой үр дагаврыг үүсгэж байгааг Засгийн газар онцолж, энэ хуулийг санаачлан батлуулжээ.
Иргэдэд хандан онцгойлон анхааруулж байна
Хууль хэрэгжсэнээр:
-
Монголчуудын хөрөнгө гадагш урсах урсгал хаагдана
-
Хөрөнгө угаалт, цахим залилан буурна
-
Донтолт, гэмт хэрэг, нийгмийн сөрөг үзэгдэл багасна
Цаашид төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын аль ч хэлбэрийг зохион байгуулах, дэмжих, сурталчлах нь хуулийн дагуу зөрчил, гэмт хэрэг гэж тооцогдож, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.