Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, спортын мастер, дэд ахлагч Б.Буянхишиг нар 5000 км зам туулах гүйлтийнхээ 90 дэх хоногтоо Монгол цэргийн тэсвэр хатуужил, эр зоригийн гайхамшгийг үзүүлэн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод хүрэлцэн ирлээ.
“Таван цэг” багийн гишүүдийг Даланзадгад цэргийн хүрээний төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шилдэг тамирчид Өмнөговь аймгийн төвөөс 10 км зайнаас угтан авч, хамтран гүйсээр Батмөнх даян хааны талбайд хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, хамт олон, нутгийн иргэд хүндэтгэлтэйгээр угтан авч, амжилт хүссэн юм.
Хүндэтгэл үзүүлэх ажиллагааны үеэр цэргийн гэрээт алба болон хугацаат цэргийн албаны талаар орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулсан бөгөөд ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар хугацаат цэргийн алба хаагчидтай нөхөрсөг уулзалтыг зохион байгуулж, эх орныхоо төлөө цэргийн албанд зүтгэхийн үнэ цэн, бахархлын талаар өөрийн туулж буй дайчин замналаар үлгэрлэн таниуллаа.
“Таван цэг” багийн гишүүд Монгол орны өмнөд хязгаар Орвог гашууны бор толгойг зорихоор бэлтгэлээ хангажээ.
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч С.ЦЭНГЭЛ

