2025 оны зургадугаар сарын 27-ны өдөр БГД-ийн зургадугаар хороо GEM mаll худалдааны төвд "эмэгтэй хүнийг хутгалж амь насыг хөнөөсөн" гэх хэрэг гарсан талаар тухайн үед цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Хэргийн талаар сурвалжиллаа.
GEM mall худалдааны төв хүмүүсийн хэлж заншсанаар 25 дугаар эмийн сангаас урагш яваад хорооллын голын 4 замын уулзварт байрлах аж. Өдрийн 12:00 цагийн орчимд тус худалдааны төвийг зорин очлоо. Худалдааны төвийн үүдээр оронгуут өөдөөс харсан жижигхэн хүлээн авахын ард хамгаалагч нь суудаг юм байна. Биднийг орох үед хамгаалагч нь хүлээн авахдаа байхгүй эзгүй байлаа. Баруун тийш эргээд хойшоо алхтал шил толь болсон гоёл чимэглэл, бэлэн хувцас зэргийг өрсөн лангуунууд угтав. Эхний лангуунд 20 дөнгөж хүрч байгаа бололтой шавилхан охин сууж байна.
-Энд болсон хэргийн талаар дуулсан уу?
-Би өнөөдөр л ажилд орсон тул мэдсэн зүйл алга гэв.
Яг түүний хажуу дахь лангууг амь үрэгдсэн эмэгтэй ажиллуулдаг байжээ. Лангууных нь голд зул тавиад асаачихсан. Шил толийг хааж байсан даавуунуудыг сандал дээр овоолон тавьжээ. Дараагийнх нь лангуу руу очоод 30-аад насны эмэгтэйгээс тодруулах гэсэн боловч бас л “Мэдэхгүй” гэх үг чулуудав.
Үүдний хүлээн авахад хамгаалагч нь иржээ. Очоод хэдэн зүйл тодруулах гэсэн боловч “Цагдаа нар шалгаж байгаа. Удирдлагууд сэтгүүлч оруулж болохгүй гэсэн” гээд гарахыг шаардав.
-Тухайн үед та ажиллаж байсан уу?
-Үгүй.
Гээд ойр хавийн эмэгтэйчүүд цуглав. Юу болсон талаар тодруулахад бүгд л шалгалтын ажиллагаа явж байгаа тул юм хэлэхгүй гэсээр гарахыг шаардлаа. “Захирлаа энэ эмэгтэй сэтгүүлч гэнэ” гэсээр 50-аад насны эмэгтэйг дуудахад "Уучлаарай. Энэ чинь гэр бүлийн асуудлаас үүдэлтэй. Тухайн гэр бүл том болсон хүүхдүүдтэй. Хүүхдүүд нь эмзэглээд байгаа болохоор бид мэдээлэл өгч чадахгүй нь” гэв.
Ингээд нэрээ нууцалсан холбогдох эх сурвалжаас тодруулахад “Тухайн өдөр ажилдаа дөнгөж ирээд байтал М-ийн нөхөр орж ирсэн. Тэр хоёр салах өргөдлөө өгчихсөн, эвлэрэх хугацааг шүүхээс өгөөд байсан. Энэ хугацаанд нөхөр нь байнга ирж дарамтална. Тухайн үед ч нөхөр нь тэгж байгаад явах болов уу гэтэл аймшигтай орилж эхэлсэн. Юу болов яав ийв гээд очихын завдалгүй маш олон удаа хутгалсан. Ойр хавьд байгаа хүмүүс юу болоод байгааг ойлгох сөхөө байгаагүй. Салгах гэж оролдсон ч хожимдсон байсан. Цагдаа дуудаад ирэх гэсээр байтал үйл явдал аль хэдийн харамсалтайгаар дууссан. Үнэхээр аймшигтай. Нарийн зүйлүүдийг сайн санахгүй байна” гэлээ.
Эх сурвалжийн мэдээллээр хэрэг үйлдсэн этгээд 45 настай, эхнэрээсээ нэлээд насаар ах, гурван хүүхэдтэй. Эхнэр М нь 36 настай. Эхнэрээ байнга хардаж, дарамталдаг байсан гэх. Үүнээс нь болоод салах өргөдлөө өгсөн байжээ. Харин шүүхээс эвлэрлийн хугацаа өгөөд дуусаж байсан бөгөөд хэрэг гарахаас ердөө 3 хоногийн дараа шүүх хурал нь товлогдсон байжээ.
Энэ талаар хуульчдаас тодруулахад Эрүүгийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйл Хүнийг алах, 10.1.2.1 онц харгис хэрцгийгээр, 10.1.2.8 гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зохион байгуулалттай, санаатайгаар гэх зүйл заалтуудаар шалгагдах үндэслэлтэй аж. Учир нь тухайн этгээд эхнэрээ санаатайгаар, зохион байгуулалттай алахыг санаархан төлөвлөж хутгатай очсон. Биед нь маш олон удаа гэмтэл учруулсан байна.