Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Яармагийн гүүрнээс “Алтаргана” хотхоны уулзвар хүртэлх явган хүний зам засвар, шинэчлэлийн ажлын байршил дээр НЗДТГ-ын холбогдох албаныхан болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл ажиллалаа.
Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Хан-Уул дүүрэг буюу 19 дүгээр хороолол орчимд үндсэн борооны ус зайлуулах гаргалгаа байдаггүй. Чингисийн өргөн чөлөөгөөр “Мишээл Экспо”-ийн урдуур Туул гол руугаа борооны усыг гаргадаг. Тиймээс, Алтарганы уулзвар хүртэл явган замынхаа хажуу талаар ногоон байгууламж дээгүүр 100 метр орчим борооноос зайлуулах шугам хийхээр төлөвлөсөн. Үүний нэг хэсгийг явган замын засвар, шинэчлэл эхлэхээс өмнө явган замын доогуур хийж, энэ долоо хоногт дуусна” гэлээ.
НЗДТГ-ын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Гантулга “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу явган замын гүйцэтгэлийг зөвхөн цаасан дээр хянахаас илүүтэйгээр газар дээр нь хянаж байна. Мөн төсвийн асуудлыг түргэн шийдвэрлэж, гүйцэтгэгч компанийг ажиллах хүчээр нэмэгдүүлж, эрчимжүүлэх талаас ажиллаж байна” гэв.
Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Үндэсний их баяр наадмаас өмнө Яармагийн гүүрнээс “Алтаргана” хотхоны уулзвар хүртэлх явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг шуурхай зохион байгуулж, дуусгахыг үүрэг болгов.