2025 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эхэн хэсэг болох Тосонцэнгэл сум Хялганат баг орчимд болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Дэлгэрмөрөн, Шишхэд , Зэлтэр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Балж, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-75 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 5-50 см давсан байна. Харин Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшнийг 20 см давсан хэвээр байна.
Өнөөдөр буюу 7 дугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчимд усны түвшин 10 см, Хутаг-Өндөр сум орчимд 25 см, Хялганат баг орчимд 5 см, Зүүнбүрэн сум орчимд 30 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно орох тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер болох нөхцөл бүрдэх тул үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мөн түүнчлэн голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Эх сурвалж
| УЦУОШГ
|