Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа, Кино урлагийн зөвлөл болон Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ хамтран “Хархорум – 2025” Олон улсын кино наадмыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Наадмын шүүгчээр Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Оскарын шагналт продюсер Марк Баше, Олон улсын кино наадмын хөтөлбөр боловсруулагч Кристина Ашенбреннерова, Кино куратор Николай Никитин, Кино судлаач, шүүмжлэгч Б.Амарсанаа нар ажиллав.
Наадмын хаалтын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, “Хархорум” наадмын уран сайхны бодлого эрхэлсэн захирал Н.Цогтбаяр нар оролцож үг хэллээ. Мөн олон улсын нэр хүндтэй шүүгчид, уран бүтээлчид, урлаг, соёлын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.
Хаалтын арга хэмжээний үеэр “Хархорум-2025” Олон улсын кино наадмын нэр хүндтэй номинациудаар шагнал гардуулав.
“Хархорум–2025” Олон улсын кино наадам нь Монголын кино урлагийн шинэ шатны хөгжил, олон улсын хамтын ажиллагааг тэлэх, уран бүтээлчдийг урамшуулан дэмжих, соёлын гүүрийг бий болгох үйлсэд чухал үүрэг гүйцэтгэсэн арга хэмжээ боллоо.