2025 оны долдугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө, Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн алба хаагч Д.Энхтайван үүрэг гүйцэтгэж байхдаа жирэмсэн эмэгтэйд анхан шатны тусламж үзүүлэн, эх барьж авч, хоёр амь аварсан онцгой үйл явдал тохиожээ. Энэ талаар түүнтэй товч ярилцлаа.
-Долдугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө юу болсон тухайгаа эргэн дурсаач?
-Тухайн үед 22-ын товчоонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Гэнэт нэг иргэн сандран орилж гүйж ирэхийг хараад, ямар нэгэн муу зүйл болсон болов уу гэж бодоод яарч очтол жирэмсэн эмэгтэй газар дээрээ төрж байсан. Хүүхдийн толгой нь гарчихсан байсан тул анхан шатны тусламж үзүүлж, эсэн мэнд эх барьж авч, эмнэлгийн түргэн тусламж ирэх хүртэл асарч, хамгаалсан.
-Өмнө нь ийм зүйлтэй учирч байсан уу?
-Үгүй ээ, энэ бол миний хувьд анхных. Нэлээн сандарсан. Гэхдээ бидний ажил зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх бус, иргэдийн аюулгүй байдлыг хангах өргөн хүрээтэй үүрэгтэй. Тиймээс тухайн үед чадах чинээгээрээ тусалсан.
-Төрсөн эмэгтэй ямар байдалтай байсан бэ?
-Нэлээн ядрангуй харагдаж байсан ч маш хүчтэй, тэвчээртэй, өөрөөрөө төрсөн. Ээж хүний агуу чанарыг тэр мөчид үнэхээр мэдэрсэн дээ.
-Төрсний дараа эргэж холбогдсон уу?
-Одоогоор холбогдож амжаагүй байна. Гэхдээ би заавал холбогдож, баяр хүргээд, цэцэг өгнө гэж бодож байгаа.
-Ээж нь таны нэрийг хүүхдэдээ өгнө гэсэн гэдэг үнэн үү?
-Тухайн үед тэгж хэлсэн эсэхийг би сайн мэдэхгүй. Холбогдож чадаагүй байгаа болохоор яг үнэн, худлыг хэлж мэдэхгүй юм.
О.ХЭРЛЭН
Р.УУГАНБАЯР