Одоогоос 10 гаруй хоногийн өмнө Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн 96-р зөрлөгт байрлах 30.000м/кв газартай загас үржүүлэг болон карьераар ашиглах боломжтой тогтоол нуур зарна гэсэн утга бүхий зар олон нийтийн зарын группэд нийтлэгдсэн нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулж олон хүний дургүйцлийг хүргэсэн.
Зар оруулахдаа утга агуулгын алдаа гаргаснаас үүдэн олны хэл ам дагуулсан гэж иргэн Б ярилаа.
Асуудлыг тодруулахад тухайн зарыг оруулсан иргэний аав Г хуучин төмөр зам дагуу хайрга дайрга олборлож байсан энэ газрыг эзэмших эрхийг 2016 онд авсан. 2 жилийн өмнөөс тогтоол нуурт загас үржүүлж, мод бут тарьсан. Авсан 3 га газрынхаа ойр орчмынх нь хогийг цэвэрлэн хашаажуулж камержуулсан гэсэн юм.
Газрын тухай хууль болон бусад холбогдох хуульд заасан шаардлагын дагуу холбогдох байгууллагуудаас авсан зөвшөөрөл, бичиг баримтын бүрдэл зэрэг үзүүлж харуулах баримт нотолгоог нь холбогдох байгууллагууд ахин нягтлан эргэн мэдээлнэ гэлээ.
Монгол улсын иргэн газар эзэмших, өмчлөх эрхтэй. Гэхдээ иргэнд эзэмшүүлэх газар нь аймаг сумынхаа тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх зэрэг холбогдох хууль, журмыг баримталсан байх ёстой.
Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болох хуулийн зохицуулалттай ч зарж болно гэж заагаагүйг хуульч тайлбарлалаа.
Эх сурвалж
| Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар
|