Нүүрс үнс болчхоогүй ч үнэ нь үртэс болж, 40 хувь унаж, улсын төсөв 3,3 их наядаар тасарч байна. Төлөвлөсөн орлого нь татарсан, төсөвлөсөн зарлагаа 2,1 их наядаар танахаас аргагүйд хүрлээ. Улсын төсөв бол УИХ-ын гишүүд, сайд нарын хийдэг ажил, ярьдаг тоо биш. Тоо бүрийн цаана Та бидний ашиг орлого, амьдрах орчин, хүүхдийн чинь явах сургууль, цэцэрлэг, гэртээ харьдаг, ажилдаа явдаг, нутгаа зорьдог зам, цалин тэтгэврийн мөнгө. Төсөв бол цахилгаан дулааны шугам засах, төвийн халаалтад холбох, цэцэрлэг, эмнэлэг, сургууль барих хөрөнгө.
Байхгүй орлогыг байлгаад зарлагадахгүй нь тодорхой тул төсвөө танаж хэмнэлээ гээд эдийн засаг өсөж, иргэний амьжиргаа өөдлөхгүй юм.
Өнөөдрийн зовлонгийн шалтгаан нь өнөө муу нэрт, луу хочит нүүрсний үнэ ханшид ч оршиж ж байгаа юм биш. Монгол CU, GS-25-ын тавиур дээрх бүү хэл, 8 нэрийн дэлгүүрийн лангуун дээрхээс цөөхөн 5 хан юм зардагт оршиж байгаа юм. Монгол бол нүүрс, зэс хоёр, дагаварт нь жонш, төмрийн хүдэр, алт гаргадаг 5 хан түүхий эдийн цэг юм. Монгол гэдэг дэлгүүр 5 хан юм биш газрын ховор элемент, уран гэх мэтээр орлогоо нэмье, татвараа өсгөе, түүгээр нь цалин тэтгэвэр, цэцэрлэг сургуульдаа нэмэрлэе гэхээр улдан эсэргүүцээд байдаг. Гар утас хийхэд ашигладаг газрын ховор элементийн төслийг гар утасны гэрэл асаан гацаадаг. Олборлолт нь эхлээгүй байхад түрүүлж хордсон болоод байвал Та өөрийнхөө авах цалин тэтгэврээс татгалзаж, өөрийнхөө харих зам, хэрэглэх гэрэл, үзүүлэх эмнэлгийнхээ тоноглол, хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийг нурааж байгаа юм. Та утсаа асаах бүрдээ газрын ховор элемент ашиглаж байна. Гар утас бүрд 0,1 грамм газрын ховор элемент ордог. Газрын ховоргүй бол Та өөрөө лайв хийж өөртөө лай учруулж чадахгүй, утсанд чинь камер байхгүй, дэлгэц нь өнгөгүй, чичиргээ вибратор мэдрэгдэхгүй. Газрын ховор гэж 17 төрлийн элементийг цахилгаан машин, соронзон хөдөлгүүр, сэргээгдэх эрчим хүч, цэнэглэгч батарей, дэлгэц, ТВ, камер, сансрын эд анги, гар утас хийхэд ашигладаг.
Халзан бүрэгтэйд газрын ховор элемент ашиглаж, гар утас барьдаг бүрдэг халзарсан юм биш. Том төслүүдээ зогсоож, хийх ажил, авах цалин, олох ашгаасаа татгалздаг Ховдын Ховдын ДНБ 2024 онд 1,2 их наяд байсан бол Өмнөговийнх 4 дахин их, 4,8 их наяд. Өмнөговь, Эрдэнэтийн төлсөн татвар хураамжаар татаас дэмжлэг авч тэтгүүлчхээд өөрсдийнхөө өнөөдрөөс илүү сайхан маргаашийг хорлодог газарт кофе шоп,фитнес клуб ч цөөхөн л дөө.