Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр бямба гаригт буюу 2025 оны долдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагт боллоо. Хурлаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Үндэсний их баяр наадмын өдрүүдээр долдугаар сарын 10-17-ныг хүртэл олон хоног амрах тул тээврийн салбар тус бүрд болзошгүй эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлж, бүх байгууллагууд, газар хэлтсийн мэргэжилтнүүд, ажилтан алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа. Мөн баяр наадмын өдрүүдэд байгууллага тус бүртээ дотоод зохион байгуулалтад анхаарч, дүрэм журмаа мөрдөж ажиллахыг үүрэг болгов.
Тухайлбал, энэ өдрүүдэд гадаад дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдэнэ. Амарч зугаалах иргэдийн тоо өснө. Орон нутгийн замын хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ. Иймд иргэдийн аюулгүй байдал, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдалд онцгой анхаарал хандуулж ажиллахыг сануулав.
Мөн цаг агаарын эрсдэл, бороо үер уснаас үүдэлтэй автозамын эвдрэл гэмтэл нэмэгдэх, авто зам, төмөр зам дээр халтиргаа гулгаа үүсэх, онгоцны нислэгийн цаг хоцрох саатах, орон нутгийн замд осол аваар гарах зэрэг гэнэтийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах, цаг үеийн мэдээллийг шуурхай хүлээн авч хяналт шалгалт, зохион байгуулалтад анхаарч ажиллах үүднээс холбогдох газрын дарга нар гар утсаа 24 цаг нээлттэй байлгахыг онцгойлон анхааруулав.