Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Дуучин, Соёлын тэргүүний ажилтан Лодойн Банзрагч, Гавьяат жүжигчин цол хүртлээ.
МУГЖ Л.Банзрагч: Төрийн дээд шагнал хүртсэндээ маш их баяртай байна. Зон олондоо, төрүүлж өсгөсөн ээж аавдаа маш их баярлалаа. Би 1996 онд Увс аймгийн театрт дагалдан дуучнаар орж байсан юм. Түүнээс хойш олон олон эрдэмтэн багш нарынхаа дэмжлэгээр, дуунд дуртай түмэн олныхоо дэмжлэгээр 29 дэх жилдээ урлагтаа үнэнч байж өнөөдөр төрийнхөө их хайр хишгийг хүртсэндээ маш их баярлаж байна. Үндэсний урлаг болох дуу хуур, үндэснийхээ дээл хувцсандаа, үндэснийхээ морин уралдаан, үндэснийхээ өв соёлд үнэнч байж залуу хойч үедээ цаашид үлгэрлэж, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах үйлсэд өөрийнхөө хүч чадлыг зориулж хичээх болно оо гэж хэлье. Арыг минь дааж байдаг сайхан ханьдаа, намайг үргэлж дэмждэг ах дүү, хамт олондоо үнэхээр их баярлалаа.