Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бус хуралдаан хийж, тэтгэврийн зээлийн өмнөх хязгаарлалтыг цуцлах шийдвэр гаргалаа. Ингэснээр ахмад настнууд тэтгэврийнхээ 100 хувийг барьцаалан зээл авах боломж дахин бүрдэж байна.
Өмнө нь, 2025 оны 3 болон 6 дугаар сард гаргасан шийдвэрүүдийн дагуу тэтгэврийн зээлийг өр-орлогын 50:50 харьцаагаар олгох хязгаарлалт үйлчилж байсан. Энэ нь иргэд тэтгэврийнхээ зөвхөн 50 хувийг л зээлийн төлбөрт зарцуулж, үлдсэн хэсгээрээ амьжиргаагаа залгуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байв.
Харин өнөөдөр гаргасан шинэ шийдвэрээр энэ зохицуулалтыг хүчингүй болгож, хуучин нөхцөл буюу 100 хувийг барьцаалах боломжтой байдлыг сэргээв.
Монголбанкинд иргэдээс тэтгэврийн зээл авах боломж хязгаарлагдаж, амьжиргаанд хүндрэл учирч байна гэсэн гомдол олноор ирсэн бол, УИХ-ын гишүүд, байнгын хороо, Засгийн газраас ч энэ асуудлыг дахин авч үзэхийг хүссэн байна.
Мөнгөний бодлогын хорооны тайлбарласнаар, зээлдэгчдийн хувьд өөрсдийн өрийн дарамтыг зөв түвшинд байлгаж, хэт өндөр зээлийн улмаас нийгэм, эдийн засгийн баталгаагаа алдахгүй байх нь чухал. Мөн цаашид энэ асуудлыг салбарын яам бодлогын түвшинд авч үзэх хэрэгтэйг онцолсон юм.
Шинэ шийдвэр гарснаар банкууд дахин тэтгэврийн 100 хувийг барьцаалан зээл олгож эхлэх боломжтой болсон ч иргэд зээлийн нөхцөлөө анхааралтай судалж, хариуцлагатайгаар шийдвэр гаргах шаардлагатай хэвээр байна.