Dark Light
Нийгэм | 2025-07-08

ЦАХИУР ХАГАЛАХ 5 ФАВОРИТ, 4 БИТҮҮ МОРЬ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг найман настай балчираас 80 настай буурал хүртэл сонирхон хүлээдэг. Түрүүлэх бөхийн таамгийг хүн бүр хувьдаа тавина. "Хангайгаас өөр хэн байх юм" хэмээн итгэлтэй хэлэхэд “Бат-Өлзий бяртай байгаа” гэж ам сөрнө. Зарим нь “Батмагнай цахиур хагаглаад гараад ирнэ дээ” гэхэд нөгөө нь "Батсуурь аварга наадмаар аатай даа" хэмээн ам гарна.

Энэ жилийн барилдаанууд, бөхийн чансаа болоод бэлтгэл сургуулилт, бяр тэнхээ, бие хэлбэр, амалгаа гээд харвал хэдхэн хүний дунд л түрүү, үзүүр яригдана. Н.Батсуурь, О.Хангай, Б.Орхонбаяр, Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл. Ард нь Э.Батмагнай, С.Сүхбат, Ц.Бямба-Отгон нар төө хэрийн зайтай дагана. 

Түрүү бөхийн нэр дэвшигчид наадмын өмнө аль хэдийнээ тодорчихдог гэлцдэг.

“Бат”-тай найдвар: Бат-Өлзий, Батмагнай, Батсуурь

2025 оны чансааны жагсаалтыг улсын заан Б.Бат-Өлзий итгэл төгс тэргүүллээ. Түүнийг “заалны заан” гэдэг нь зүгээр ч нэг хоч биш. 30 гаруй удаа зааланд түрүүлж, олон барилдаанд жин дарахаа харуулсан бөх. Энэ жилийн тухайд мөн л түрүү бөхийн тааварт дээгүүр бий. 

Нэр нь хамгийн их дуулдаж буй хүн бол 24 настай улсын начин Э.Батмагнай. Ерөнхийлөгчийн цомын эзэн, чансааны хоёрт бичигдсэн энэ залуугийн хөдөлгөөн, сэтгэлзүй, барьц, бяр бүгд зохистой тунгаар нэгджээ. Гэвч цол багатай тул ам, тунагийн зовлон давтагдана. “Ганцаараа ачаа үүрээд, түрүүнд хүрэх боломжгүй” гэдэг бодит дүр зурагтай нүүр тулах магадлал өндөр. Гэсэн ч шөвгөрвөл цолоо ахиулах л өдөр.

Дархан аварга Н.Батсуурь Увс нуур дэвжээний сорилго барилдаанд аатай хурдан, бяртай харагдсан. Том эрэмбэтэй, хашир туршлагатай, бас нутгийнхаа 100 жилийн ойг бодож яваа. Дархан аварга хүн наадмын барилдааныг удирддаг учиртай. Үүнийгээ ч Батсуурь аварга сайн хийдэг. Мөн П.Бүрэнтөгс аварга энэ жил том дайралт хийж мэднэ.

Аваргын хүлээлт: Хангай, Орхонбаяр, Лхагвагэрэл

О.Хангай аварга бол өнөө цагт ид ирэн дээрээ байгаа бөх. Цагаан сараар хоёр жил дараалан түрүүлсэн. Чансааны наймд эрэмбэлэгдсэн хэдий ч бяр, ухаан хосолсон ховорхон төрөх хүчтэн. Хоёр дахь түрүүгээ авахад энэ жил тохирсон жил.

Түрүү бөхийн таамагт сүүлийн хэдэн жил нэрлэгдэж буй Улсын арслан Б.Орхонбаяр. Энэ жил зодоглосон бараг бүх барилдаандаа шөвгөрсөн. Түрүүлж, үзүүрлэж, тасралтгүй тогтвортой үзүүлэлт гаргаж буй цөөхөн бөхийн нэг. Үзүүр энүүхэнд. Од нь гийвэл түрүү бөх. Түрүүлж чадвал аварга.

Нөгөө талаас, М.Лхагвагэрэл заан ч бас “битүү морь” байж мэднэ. Олимпын бэлтгэлээс үндэсний дэвжээ рүү бүрэн орж ирсэн. Энэ жил түүний хувьд Үндэсний бөхийн карьерын “том оноо цуглуулах” жил. Цагаан сараар үзүүрлэсэн, заалны амжилт чамлахааргүй. Шөвөгт шургалвал, “аз гийвэл” тэр мөн ч хүнд мэхтэй, төв багатай бөх.

Бөх сонирхогчдын тааварт жинхэнэ цахиур болох магадлалтай бөх бол Сүхбаатарын Сүхбат заан. Бяр сэлбэсэн, амбиц өндөртэй. Ам, сугалаа таарвал болохгүй гэх газаргүй.

Энэ жилийн тааврын онцлог үзэгдэл бол аймгийн арслангууд. Үзүүр, түрүүнд гараад ирж мэдэх олон аймгийн арслан бий. Тухайлбал, Дундговийн Н.Амгаланбаатар, Сүхбаатарын Н.Өсөхбаяр, Хэнтийн Д.Алтанцоож, Хөвсгөлөөс М.Баасанжав, Бүх цэргийн наадамд түрүүлсэн Э.Мөнхбаатар гэхчлэн залуу цолгүйчүүдээс нэгээс хоёр нь харцага цолонд хүрнэ.

Спортын сэтгүүлч С.Шижирбат энэ жилийн наадмын талаар:

“Наадамд хэн түрүүлэх вэ гэдэг асуулт үеийн үед байсаар ирсэн. Түрүү бөхийн хувь заяа ганц хүний бяр бус, тухайн аймгийн багийн ажиллагаанаас ихээхэн хамаардаг. Энэ жил Увс, Архангай, Ховд, Баянхонгор, Сэцэн хан тавын багийн уялдаа, дотоод зохион байгуулалт хамгийн хүчтэй харагдаж байна. Харин Төв, Сэлэнгэ, Завхан гурав энэ жил тааруу багийн ажиллагаатай учраас тэдний гол найдвар болсон Хүдэрбулга, Орхонбаяр, Лхагвагэрэл нар өөрсдийн ур чадварт найдахаас өөр сонголтгүй байна” гэсэн юм.

Эцэст нь бөхийн дэвжээ, төрийн наадмын торгон ногоон дэвжээнд юу ч тохиож болно. Сайн бөх шөвөгт ч хүрэхгүй, бүдэрсэн бөх эргээд үзүүр түрүү булуулдаж болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00