Улаанбаатар “Кабель кар” ОНӨААТҮГ байгуулж, дүрэм батлах тухай, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын дүрэм шинэчлэн батлах тухай, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн дүрэм шинэчлэн батлах тухай зэрэг найман асуудал хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж хорооны гишүүд холбогдох албаныхнаас тайлбар, мэдээлэл сонслоо.
Тодруулбал, Нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” ХК нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны тавдугаар сарын 7-ны өдрийн дугаар тогтоолоор байгуулагдаж, 2025 онд Олон улсын залуучуудын ногоон наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтыг хангах, шаардлагатай зарим барилга байгууламжийг барих, ашиглалт, хэвийн үйл ажиллагааг хариуцах, олон улсын болон гадаад дотоодын спортын болон бусад арга хэмжээг зохион байгуулах, техникийн шаардлага хангасан спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах, хөрөнгийг төвлөрүүлэн зохицуулахаар ажиллаж буй.
Компанийн гүйцэтгэх захирлаар НИТХ-ын Төлөөлөгч Э.Хуланг өнгөрсөн тавдугаар сарын 7-ны өдөр томилсон. Өдгөө мөрдөж буй 14 бүлэг 168 зүйл заалт дүрэм, үйл ажиллагааны чиглэл, компанийн зорилго, алсын хараа, бүтэц орон тоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэв. НИТХ-ын Төлөөлөгч З.Төмөртөмөө "Төлөөлөгч хүн энэхүү байгууллагын үйл ажиллагааг өөд нь татах гээд хичээгээд асуудлыг нь оруулж ирж танилцуулж байгаа нь сайшаалтай. Хөндлөнгийн аудитаар дүгнэлт гаргуулаад, ямар хэцүүхэн газар хүлээж авч байгаагаа хараарай. Хулан Төлөөлөгч энэхүү газрыг сайжруулж, зоригтой өөрчлөлт хийгээд, өөд нь татаад явна гэдэгт эргэлзэхгүй байна" гэлээ.