Жүжигчин Д.Бямбацогт МУГЖ цол хүртлээ. Тэрээр “салхи дамбий”, “ноён солиот” Зэрэг тайз, дэлгэцийн олон дүрээрээ үзэгч түмэндээ танигдан хүндлэгдсэн жүжигчин юм. Түүний сэтгэгдлийг хүргэе:
-Ямар ч байсан өнө эртний өвөг дээдсээс минь өвлөж, уламжилсан өндөр их төрийнхөө хишгийг өнөөдөр хүртэж байна. Намайг энэ эрхэм хүндтэй цолыг аваасай, хүртээсэй гэсэн маш олон хүн байдгийг сүүлийн үед мэдэрч байгаа. Тэрийг мэдрэх сонин байдаг юм билээ. Дуугарч болохгүй, дуугарахгүй байж болохгүй. Бусад хүмүүс баяр хүргэхээр сонин, баяр хүргэхгүй байхаар их сонин. Өөрөө гэм хийчихсэн юм шиг сонин байдалд орсон. Миний уран бүтээлийг шимтэж үздэг, урлагт хайртай, намайг дэмждэг монголчууддаа, эрхэм үзэгч олныхоо өмнө мэхийн ёсолъё.
Ерөнхийлөгч надад “Чамаар олон хүмүүс их бахархаж байна. Өшөө олон уран бүтээл хийгээрэй Бямбацогтоо” гэсэн. Би “хичээнэ ээ” гэж хариулсан. Наадмын өмнө энэхүү шагнал миний энгэрт зүүгдэж, гялалзаж байгаа боловч энэ бол намайг дэмжсэн ард түмний минь хамтын баяр болж байна. Энэ бас та бүхний минь шагнал шүү. Багш нарынхаа талаар мөн дурсан бодож байлаа. Агуу найруулагч Доржсамбуу, СГЗ Лхасүрэн хоёр багш минь намайг тэнгэрээс харж байгаа байх. Багш нар минь шагнал хэзээ ч оройтдоггүй юм уран бүтээлч хүнд гэж биднийг сургасан. Багш нарын минь хэлдэг үнэн байна. Тэнгэрт байгаа аав, ээж хоёрыгоо их бодлоо. Захисан захиасыг нь зах зухаас нь биелүүлж яваа юм болов уу гэж дотроо бодож байна. Ээж аав хоёр минь “миний хүү олонтойгоо яваарай” гэдэг байсан юм. ЕТГ-аас 12:40 цагийн үед хэлсэн. Бас нэг хүн түрүүлээд 11 өнгөрөөд надад хэлсэн байсан. Тэр үед тоглож байна л гэж бодсон. Ерөнхийлөгчийн тамгын газраас ярихаар нь итгэсэн дээ. Урлагт орсны 34 жилийн хөдөлмөр минь юм уу даа. Ард түмэндээ хайртай шүү.