Баяр, наадмын амралтын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан ОБЕГ, ЦУОШГ, Экологийн цагдаагийн албанаас хамтран хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа З.Хүрэлбагана, ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг нар оролцож, мэдээлэл өгсөн юм.
Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа: “Улсын хэмжээнд долдугаар сарын 09-ний байдлаар 12 аймгийн 26 суманд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсаны найм нь хүүхэд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 27.6 хувь, амь насаа алдсан хүний тоо 32.5 хувиар тус тус буурсан хэдий ч өнгөрсөн оны улсын баяр наадмын амралтын 5 хоногийн хугацаанд 18 иргэн усны ослоор амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэд та бүхэн стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ.