Баяр, наадмын амралтын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан ОБЕГ, ЦУОШГ, Экологийн цагдаагийн албанаас хамтран хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа З.Хүрэлбагана, ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг нар оролцож, мэдээлэл өгсөн юм.
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг “Баяр, наадмын амралтын өдрүүдээр буюу 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр , 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Мөн ихэнх нутгаар дулаан байх тул наршилт, гэнэтийн аадар бороо орох үзэгдлүүд тохионо. Тиймээс ард, иргэд та бүхнийг тухай бүрд цаг агаарын мэдээ, мэдээллийг хүлээн авахыг зөвлөж байна” гэлээ.