Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр /2025.07.09/ Бүгд найрамдах Чех Улсын Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковец тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцсон бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецтэй дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр, Манай хоёр орны ард түмэн олон арван жилийн түүхэн найрсаг харилцаатай. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэсэнд баяртай байна. Энэхүү түүхэн айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн агуулгаар баяжуулж, олон салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ хамтын ажиллагааны ирээдүйн зорилго, зорилтыг тодорхойлсон үр дүнтэй айлчлал болсон гэдэгт итгэл төгс байна гэлээ.
Мөн Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел болон Ерөнхий сайд Петр Фиала нар хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг нь байгаль орчныг хамгаалах салбар гэдгийг онцолж, хавтгай болон мазаалай баавгайг хамгаалах, өсгөн үржүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн талаар онцлов. Түүнчлэн Монгол-Чехийн харилцааны бэлгэ тэмдэг болсон тахийн удмын сангийн бүртгэл болон эргэн нутагшуулах төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсад тахийн тоо толгойг өсгөн үржүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, идэвх санаачилга гарган ажиллаж байгаа Чех Улсын төр, засаг, найрсаг ард түмэнд талархлаа илэрхийллээ.
Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковец Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэд “Гавьяат тээвэрчин” цол тэмдгээр шагнуулсанд баяр хүргэв. Мөн тэрбээр яриандаа, Чех Улсад амьдарч, ажиллаж, сурч байгаа 14 мянга гаруй монгол иргэн бий. Мөн 20 гаруй мянган монгол иргэн сурч, боловсрол эзэмшсэн бөгөөд эдгээр хүмүүс Монгол, Чехийн ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гүүр болсоор ирсэн гэдгийг онцоллоо.