Улсын баяр наадмын хурдан хязаалан насны уралдаанд түрүүлж айрагдсан морьдыг зарлалаа. Хязаалан насны морьдын уралдаанд 256 хурдан үрээ уралдахаар бүртгүүлснээс шүд, сэрвээний өндрөөр тэнцээгүй 61 үрээ хасагдаж, 195 хурдан хүлэг улсын баяр наадамд тоосоо өргөсөн байна.
Хязаалан насны морьдод түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Батсайханы Гантигийн /Шунхлай группийн захирал/ Сартай хүрэнг Монгол Улсын тод манлай уяач Ононгийн Батбилэг уяж сойн Цэндсүрэнгийн Түвшинсайхан /10 настай/ уралдаанч хүү унаж хурдлуулжээ.
Ховд аймгийн Чандмань сумын харьяат Алтан аураг ХХК-ийн захирал Баатаржавын Лхагвацэрэнгийн Халтар үрээг Аймгийн алдарт уяач Элдэв-Очирын Ариунболд уяж сойн, Бямбадоржийн Эрдэнэбилэг /13 настай/ уралдаанч хүү унаж хурдлуулан аман хүзүүдүүлжээ.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Аймгийн алдарт уяач Бэгзсүрэнгийн Гантулгын Бор халзан үрээг Аймгийн алдарт уяач Батсүхийн Батмагнай уяж сойн, Бямбабатын Нармандах /10 настай/ хүү унаж хурдлуулан гуравласан байна.
Архангай аймгийн Чулуут сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Цэдэнсодномын Энхболдын Халтар үрээг Монгол Улсын алдарт уяач Адуучийн Нямбаатар уяж сойн, Ням-Очирын Сумъяабазар /12 настай/ хүү унаж, дөрвөлжээ.
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Адъяагийн Наранбаатарын Хар үрээг Монгол Улсын Алдарт уяач Уртнасангийн Тамир Уяж сойн, Цэрэндолгорын Цэрэнтогтох /8 настай/ хүү унаж айргийн тавд орсон байна.