Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн их баяр цэнгэл наадмын азарга насны морьд бариаллаа. Азарганы уралдаанд нийт 153 азарга бүртгүүлснээс 106 хурдан хүлэг гараанаас гарчээ. Азарганы уралдааны айргийн таван морьдыг танилцуулж байна.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Ч.Амарсанаагийн уясан Шандас транс компанийн захирал Монгол Улсын алдарт уяач Искрагийн Золбоогийн хүрэн азаргыг Баасанхүүгийн Мөнхбилэг /9 настай/ хүү унаж түрүүллээ.
Аман хүзүүнд аймгийн алдарт уяач Доржийн Цээлхаасүрэнгийн уясан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат ММСУХ-ны тэргүүн Гүндашийн Бат-эрдэнийн азаргыг Гомбодоржийн Гансүрэн /10 настай/ хүү унаж хурдлууллаа.
Баярсайханы Лхагва-очирын уясан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азаргыг Батмөнхийн Намчин /9 настай/ хүү унаж хурдлуулан айргийн гуравт орлоо.
Аймгийн алдарт уяач Нямжамцын Норовжамцын уясан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн алдарт уяач Чулуунбатын Батжаргалын зээрэн азаргыг Ц.Болд-Эрдэнэ /13 настай/ хүү унаж айргийн дөрөвт бариаллаа.
Монгол Улсын тод манлай уяач Лхагва-Очирын уясан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач Батмөнхийн Тогтохын Халзан азаргыг Баатарын Наранбаатар /10 настай/ хүү унаж айргийн тавд орсон байна.