МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжаваас тодрууллаа.
-Энэ жилийн наадмын бөхийн барилдааны хувьд зохион байгуулалт хэр болж байна вэ?
-Энэ жил Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасанчлан 512 бөх барилдаж байна. 102 улсын цолтон барилдаж байна. Ойрын хэдэн жил ийм олон улсын цолтон зодоглоогүй. 154 аймгийн арслан цолтой бөх барилдаж байна. Бөхчүүдийн бэлтгэл жигд сайн байгаа. Өвөл, хавар маш олон барилдаан болсон. Бөхийн жаяг дэгийн багийнхан маань бэлтгэл ажлаа сайн хангасан.
-Мөн зэрэгцээд олон аймаг, сумдын наадам болж байна. Дэг жаяг зөрчсөн, зарим бөхийг дүрэм зөрчин оролцуулахгүй, заримд нь найраа хийж байна гэх олон асуудал яригдаж байна. Үүн дээр МҮБХ анхаарал хандуулж байна уу?
-Бөхийн холбоо Үндэсний их баяр наадмын тухай хууль, Засгийн газраас гаргасан Үндэсний бөхийн барилдааны дүрмийг баримтлан ажиллаж байгаа. Харамсалтай нь зарим аймагт дүрэм зөрчсөн асуудлууд үүсэж байна. Гэхдээ Үндэсний их баяр наадмын тухай хуульд хоёр утгатай заалтууд нэлээд бий. Нийтээр тэмдэглэх өдөр буюу долдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ гэсэн нэг заалттай. Нөгөө заалт нь аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд сумын наадмынхаа тогтооно гэчихсэн. Тэгэхээр салаа утга бүхий иймэрхүү заалтууд дээр товын асуудал үүсэж байгаа. Бөхийн бүртгэлийн асуудал дээр бас байгаа. Бөхийг яс үндэс, нутаг харьяа, оршин байгаа хаягаас үл хамааран ялгаварлахгүй бүртгэнэ. Үүн мөн зөрчил үүсээд байгаа. Бөхчүүд дүүрэг, аймгуудын наадмыг тойрч барилдаад байгаа нь үзэгчдийн сэтгэлийг гонсойлгосон асуудалд өргөдлүүд Бөхийн холбоонд ихээр ирж байна. Үүн дээр бид Үндэсний баяр наадмын тухай хууль, Шадар сайдад хандсан. Намар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн заалт бүрийг үндэснийхээ онцлогт тааруулж хийх хэрэгтэй юм байна. Тов, бөхийн тоог өөрчлөх шаардлагатай гэдгийг аль аль тал нь ярьж байгаа. Намар Үндэсний их баяр наадмын тухай хуульд аймаг, сумдын наадамд ямар бөх барилдах вэ гэдэг заалтыг оруулна. Хууль шинэчлэн найруулагдаад гарахдаа хүний эрх талаасаа дордохгүй байх ёстой гэсэн үндсэн зарчимтай. Ийм зүйлсийг анхааран үзэх зайлшгүй шаардлагууд байгаа.