Улсын их баяр наадмын хурдан морины уралдааны үед буюу шүдлэн насны зээрд халзан зүсмийн морь бариалахдаа бахардаж ойчиход нь нэгэн залуу өшиглөж, амьсгалыг задалж аварч буй үйл явдал цахим хуудаснаа түгсэн билээ.
Тэгвэл бахардсан хурдан хүлгийг аварсан залуу нь Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ахлах ахлагч Сайнбаярын Ганцоож ажээ. Тэрээр энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Адуунд хайртай хэн ч ийм л арга хэмжээ авах байсан. Өшиглөж байгаа нь бахардсан амьсгалыг нь задалж байгаа хэрэг л дээ" хэмээн хариулжээ.
Ахлах ахлагч С.Ганцоож Зэвсэгт хүчинд 20 дэх жилдээ алба хааж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний 014, 340, 189, 013 дугаар ангиудад томилолт өвөртлөн үүрэг гүйцэтгэсээр ирсэн алба хаагч байна.
Ховд аймгийн Манхан сумын харьяат тэрээр багаасаа хурдан хүлэг унаж өссөн нь адууг хайрлах, арчлах арга ухаанд сургасан гэнэ лээ. Хурдан хүлэг шүдлэнгийн эзэн цэргийн залууд талархсанаа илэрхийлсэн ба наадамчин олон цэргийн хүмүүс яаралтай нөхцөлд зөв оновчтой дүгнэлт хийж, хариу арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлдэг нь түүний үйлдлээс харагдаж байна хэмээн цахим хуудаснаа онцолсоор байна.
Нээрээ Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн хурдан морины уралдааныг зохион байгуулахаас эхлээд арын алба, гараа, бариа бүх цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байна. Ахлах ахлагч С.Ганцоож морь бариалахад бүртгэл хийж байгаа алба хаагчдын нэг юм.