Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан автомашины үзэсгэлэнг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
"Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан түүхэн ховор Автомашины үзэсгэлэн, парадыг иргэд та бүхэндээ толилуулж, энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Тэртээ 1925 онд “Монгол тээх нэвтрүүлэх газар” нэртэй анхны бие даасан байгууллага 7 автомашинтайгаар байгуулагдаж байсан нь Монгол Улсад автотээврийн салбарын өрхийг татаж, үүдийг нээсэн үйл явдал байлаа.
Энэ түүхэн цаг үеэс хойш 100 жилийн хөгжлийн түүхийг өгүүлэх автомашины үзэсгэлэн, парадыг зохион байгуулж байгаадаа туйлын баяртай байна.
Өнөөдрийн үзэсгэлэнд Монгол Улсад өргөн хэрэглэгдэж байсан болон хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт өргөн ашиглагдаж байсан автотээврийн салбарын хөгжлийн өнгөрсөн үеийн харуулсан түүх, дурсамжийг өгүүлэх ховор автомашинуудыг байршууллаа.
1932 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн 1.5 тонн даацтай “Полу” ачааны автомашин,
1936 оноос маршал Чойбалсангийн албан хэрэгцээнд ашиглаж байсан “ГАЗ-М1”, “ЗИС-5”,
1945-1950 онуудад Монголын Улсын зам тээвэр, аж үйлдвэрт хэрэглэж байсан, улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн хүнд даацын ачааны автомашин ЗИС-5
1950-д оноос ХАА-д атар эзэмших, нэгдэлжих хөдөлгөөн, сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, саятны хөдөлгөөн зэрэг өрнүүн их хөдөлмөрийн он жилүүдэд томоохон үүрэг гүйцэтгэсэн “ЗИС-110”, ЗИЛ-130”, “ГАЗ-53”зэрэг ачааны автомашин, “ГАЗ-21”, “ГАЗ-24”, “УАЗ” маркийн суудлын автомашинууд,
1953 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн, цэрэг, иргэний зориулалттай Монгол Улсын тээврийн салбар, ялангуяа хөдөө орон нутгийн тээвэрт өргөн хэрэглэгдэж байсан ГАЗ-69
1938 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн, Америк хөдөлгүүртэй “ГАЗ-М1” маркын автомашиныг онцлон танилцуулахыг хүсэж байна.
Энэхүү автомашин нь 1940-д оны үед Хөвсгөл нуурт живсэн байсныг 2024 онд гаргаж ирэхэд автомашин зэврэлтэд ороогүй, автомашины дугуй нь бараг шинээрээ, модон кузов нь элэгдэж ялзраагүй гарч ирсэн нь Хөвсгөл далай маань ямар цэнгэг болохыг баталсан бас нэгэн чухал үйл явдал болсон юм.
Өнөөдрийн энэхүү арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан “Ретро” автомашин, мотоциклийн холбоонд талархал илэрхийлье.
Та бүхний ажил үйлс өөдрөг байж, алтан шар зам нь үргэлж ивээх болтугай" гэлээ.