Баяр амралтын өдрүүдээр буюу 2025 оны долдугаар сарын 10-17-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч С.Баярбилэгээс тодруулан хүргэж байна.
-Үндэсний их баяр наадмын өдрүүдээр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ойролцоогоор хэчнээн алба хаагч ажиллав?
-Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллага энэ сарын 9-14-ний өдрийн хооронд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, Сүхбаатарын талбайд болж буй наадмын үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээнүүд мөн гадны зочид төлөөлөгчдийн айлчлалтай холбоотой нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалт, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулах хамгаалалт зохицуулалтад 4700 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Иргэдийн аюулгүй, амар тайван нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө зөрчил, дутагдал гаргалгүй нэгэн сэтгэлээр зүтгэсэн алба хаагчдадаа талархал илэрхийлмээр байна.
-Энэ жилийн баяр наадмын өдрүүдээр нийт хэдэн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн бэ. Гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажилласан бэ?
-Өнгөрсөн баяр, амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-17-ны хооронд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 4608 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1587, зөрчлийн шинжтэй 3021 байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдээс тодруулаад хэлбэл 248,731,432 сая төгрөгийн хохиролтой 28 залилах гэмт хэрэг бүртгэгдсэнээс 168.7 сая төгрөгийн хохиролтой 14 хэрэг буюу 50 хувь нь телеграм орчин дахь залилах гэмт хэрэг эзэлж байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас эдгээр өдрүүдэд иргэд, олон нийтийг гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчид хамгаалалтад ажиллаж байгаа талаарх мэдээ, мэдээлэл болон халаасны хулгайн гэмт хэрэг, гол нуурын усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдийг төрөөх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээ, жуулчдын аюулгүй байдлыг хангах, орон нутгийн замын нөхцөл байдал, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ахуйн осол гэмтлээс сэргийлэхэд чиглэсэн сэрэмжлүүлэг 161 удаагийн мэдээ, мэдээллийг бэлтгэн, олон нийтэд түгээсэн.
Тодруулаад хэлбэл, Баяр наадмын өдрүүдэд уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Хүй долоон худагт үүрэг гүйцэтгэж, уралдаанч хүүхдийн хувцас, хэрэгсэлд үзлэг хийж, хамгаалах хувцсыг иж бүрэн өмссөн эсэхэд хяналт тавьж ажилласан.
Үндэсний их баяр наадмаар 6 насны морьд уралдаж 958 уралдаанч хүүхэд уралдсанаас 11 хүүхэд мориноос унасныг эмнэлгийн тусламж үзүүлж, эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Бэртэж, гэмтсэн хүүхэд байгаагүй.
Улсын хэмжээнд баяр наадмын өдрүүдэд нийт 98 бага насны хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрсөн байсныг цагдаагийн байгууллагаас олж, тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгч, хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 4670 гарын бугуйвчийг хүүхдэд зүүж өгсөн байна.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, халаасны хулгайтай тэмцэх чиглэлээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 18 хаалга, сур, шагайн харваа, иргэдийн зорчих хөдөлгөөн эрчим ихтэй худалдаа, үйлчилгээний хэсэгт теле камеруудыг байрлуулан, хяналт тавьж ажилласан.
Жишээлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэнд 18 хаалга болон хүний хөдөлгөөний эрчим ихтэй байршлуудад суурилуулсан 26 теле камерыг байршуулж, халаасны хулгай болон эд зүйлээ хаясан, хулгайд алдсан талаарх 4 гомдол дээр алба хаагчид 24 камерын бичлэгийг шүүж, 2 гэмт хэргийг камерын дүрс, бичлэгээр илрүүлсэн бол цэнгэлдэхийн гадна орчинд 16 цэгт 67 ширхэг теле камерыг тус тус байршуулан хяналт тавьсан.
Баяр наадмын үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааг сурталчлах зорилтот рийлс, видео контентыг бэлтгэн цахим орчинд нийтэлсэн нь алба хаагчид албаараа бахархаж, иргэд, олон нийтийн зүгээс цагдаагийн байгууллага, алба хаагчдын мэргэжлийн үйл ажиллагааг ойлгож, дэмжсэн талархлыг хүлээсэн ажил, арга хэмжээ болсон гэж дүгнэж байгаа.
-Энэ амралтын хугацаанд хэчнээн автомашин орон нутгийг зорьсон бол. Орон нутаг болон нийслэлд зам тээврийн ослын нөхцөл байдал ямар байсан бэ?
-Баяр наадмын өдрүүдэд 250.000 мянган тээврийн хэрэгсэл хотоос гарсан мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан замын нөхцөл байдлын хувьд Улаанбаатар хотоос орон нутагт чиглэсэн замын хөдөлгөөний эрчим ачаалал эрс нэмэгдэж, Төв аймгийн Баянцогт, Лүн суманд хөдөлгөөний ачаалал авч эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас шуурхай зохион байгуулалтад орж, хөдөлгөөний урсгал чиглэлд өөрчлөлт оруулан, түгжрэл сааталгүй 24 цагийн хугацаанд хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээ авч ажилласан.
2025 оны долдугаар сарын 10-12-ны өдөр хүртэл зам тээврийн ослын улмаас 26 хүн гэмтэж, 2 хүн нас барсан байна.
Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр замын хөдөлгөөний түгжрэл ачааллын талаар, хурд хэтрүүлснээс үүсэх сөрөг үр дагавар, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх чиглэлээр нөлөөллийн ажлуудыг биечлэн болон цахим хэлбэрээр илүү түлхүү олон нийтэд хүргэж мэдээлсэн. Энэ жилийн хувьд баярын өдрүүдэд гарсан зам тээврийн ослыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмтсэн хүн 44.6 хувь, нас барсан хүн 85.7 хувиар буурсан тус тус эерэг үзүүлэлттэй байна.
-"Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээний хүрээнд баярын өдрүүдэд хэрхэн ажилласан бэ?
-Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Дүрмээ мөрдье” арга хэмжээг төрийн эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгуулсан. Арга хэмжээний зорилго бол мэдээж зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хор холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхад онцгой анхаарах, хурдаа хэтрүүлэхгүй дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцох талаар мэдээлэл, нөлөөллийн ажлыг тасралтгүй зохион байгуулсан.
Тухайлбал: Цагдаагийн ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Сүхболд”: Улаанбаатар хотоос гадагш 250-350 километрийн зайд олон улсад ашиглагддаг ухаалаг камерын системээр тоноглогдсон тээврийн хэрэгслүүдээр эргүүл, хяналт шалгалт хийн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна гэх видео контент, “Амрах нь зогсолт биш Амьдрал үргэлжлэх боломж” видео бичлэг ,болон Замын хөдөлгөөний түгжрэл ачааллын талаар шууд дамжуулалтыг хийж иргэд, олон нийтэд мэдээ, мэдээллийг хүргэсэн байна.
-Орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор малчид тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс сэрэмжлэх шаардлагатай шүү дээ. Мал амьтан мөргөсөн тохиолдол бүртгэгдсэн болов уу?
-Баяр амралтын өдрүүдэд орон нутгийн замд мал мөргөсөн хэдэн хэдэн тохиолдлууд бүртгэгдсэн.
-Томоохон гол мөрний орчимд баярын өдрүүдээр завьт эргүүл ажилласан. Энэ хугацаанд усанд эндсэн тохиолдол гарсан уу?
-Баярын өдрүүдэд иргэдийн зүгээс гол мөрний эрэг, сав газруудаар амарч, зугаалах тохиолдол нэмэгддэг. Энэ чиглэлээр төрийн чиг үүрэг бүхий байгууллагуудаас эргүүл гарч хяналт тавьж ажиллаж байна. Тодруулбал, Нийслэлд болон орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд голын эрэг дагуу эргүүл хийж, хяналт тавих ажлыг эрчимжүүлж, иргэдэд учирч болох эрсдлийг тооцоолж, түүнээс сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан. Зарим тохиолдолд голын эрэг дагуу амарч байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан зэрэг зөрчлийг хуульд заасан үндэслэл журмын хүрээнд шийдвэрлэж ажилласан. Эргүүл хяналтыг завьт байдлаар, морьтой, явган, машинтай гэхчлэн зохион байгуулж байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд усанд 17 хүн эндэж амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн.
-Хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүлгэсэн гэсэн мэдээлэл байсан. Төөрсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгөх чиглэлээр цагдаагийн алба хаагчид ажилласан байсан. Энэ талаар тодруулбал?
-Улсын хэмжээнд баяр наадмын өдрүүдэд нийт 98 бага насны хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрсөн байсныг цагдаагийн байгууллагаас олж, тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгч, хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 4670 гарын бугуйвчийг хүүхдэд зүүж өгсөн.
Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран хүүхдийг төөрөх болон болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлээр аудио сэрэмжлүүлэг бэлтгэн, чанга яригч, лед дэлгэцээр иргэд, олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулсан. Төөрсөн хүүхдүүдийг түр байрлуулах зорилгоор Төв цэнгэлдэх болон Хүй 7 худагт тусгайлан өрөө бэлтгэн, нөхцөлийг сайжруулах арга хэмжээ хүртэл авч ажилласан.
-Уралдаанч хүүхдийн аюулгүй байдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл бүртгэгдсэн үү?
- Цагдаагийн байгууллагаас баяр наадмын өдрүүдэд уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын ерөнхий газрын алба хаагчидтай хамтран Хүй долоон худагт үүрэг гүйцэтгэж, уралдаанч хүүхдийн хувцас, хэрэгсэлд үзлэг хийж, хамгаалах хувцсыг иж бүрэн өмссөн эсэхэд хяналт тавьж ажилласан.
Үндэсний их баяр наадмаар 6 насны морьд уралдаж 958 уралдаанч хүүхэд уралдсанаас 11 хүүхэд мориноос унасныг эмнэлгийн тусламж үзүүлж, эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Бэртэж, гэмтсэн хүүхэд байгаагүй.
-Энэ зун олон аймаг сумдын тэгш ой тохиож буй. Үүнтэй холбоотойгоор иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөөч?
-Энэ жилийн хувьд Увс аймгийн 100 жил, мөн сумдын тэгш ой тохиож байгаа. Цагдаагийн байгууллагаас ой тэмдэглэх арга хэмжээний үеэр нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллана.
Иргэд, олон нийтийн зүгээс аливаа асуудалд хариуцлагатай хандаж чадвал учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх хамгийн чухал алхам болдог гэдгийг л зөвлөж хэлмээр байна.