Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд Зам, тээврийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, “Монгол шуудан” ХК хамтран “Монгол Улсын автотээвэр 100 жил” сэдэвт шуудангийн шинэ маркийг бүтээж, гүйлгээнд гаргалаа.
Арга хэмжээг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан “Автотээвэр 100” марк, зоос, пянзны нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Тэртээ 1925 онд “Монгол тээх нэвтрүүлэх газар” нэртэй анхны бие даасан байгууллага 7 автомашинтайгаар байгуулагдаж байсан нь Монгол Улсад автотээврийн салбарын өрхийг татаж, үүдийг нээсэн үйл явдал байлаа.
Энэ түүхэн цаг үеэс хойш хөгжил дэвшлийн 100 жилийн ойтойгоо золгож байгаа энэхүү сайхан өдөр түүхэн ойдоо зориулсан марк, зоос, пянз хэвлүүлэн нээлтийн үйл ажиллагааг хамтад нь зохион байгуулж байгаадаа туйлын баяртай байна.
Нүүдэлчин монголчууд эрт цагаас малыг уналга, ачилга, жин тээвэр, өртөө улаанд өргөнөөр ашиглаж ирсэн баялаг өв уламжлалыг бэлгэдэн тэмээн жингийн цуваагаар эхлүүлж, хөгжлийн түүхэн цаг хугацааны гэрч болсон зургийг багтааж, Тээвэрчдийн үүсгэл санаачилгаар “бумтны” болон “саятны” зэрэг олон төрлийн өндөр бүтээлийн уралдаан өрнүүлж, улс даяар түгээн дэлгэрүүлсэн нь тухайн үеийн нийгэм эдийн засагт асар их ач холбогдолтой байсныг энэхүү маркт буулган үлдээж өнөөдөр та бүхэнд толилуулж байна” хэмээн онцоллоо.
Үүний дараа шинэ маркийн дээжээс Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, АТҮТ-ийн Гүйцэтгэх захирал Б.Гүрсоронзон нарт гардууллаа.