2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Булган аймгийн Сайхан сум орчимд Орхон голын усны түвшин өмнөх өдрөөс 55 см, Сэлэнгэ мөрний дунд болон адгаар 20-25 см тус тус нэмэгдэж, Зүүнбүрэн-Сүхбаатар сум орчимд Сэлэнгэ мөрний усны түвшин олон жилийн дунджийг 40-95 см, Өлзийт /Архангай/, Хархорин сум орчимд Орхон гол үерийн түвшинг 5-10 см даван үерлэж байна.
Маргааш буюу 7 дугаар сарын 19-нд Орхон гол Өлзийт сум орчимд усны түвшин 20 см, Орхон сум орчимд 30 см нэмэгдэх хандлагатай байна.
18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээрх голууд болон гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Эх сурвалж
| ЦУОШГ
|