Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос адуун сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж, хурдны чиглэлээр өсгөн үржүүлсэн малчин өрхийн хөдөлмөр бүтээлийг үнэлэн алдаршуулах зорилго бүхий “Алтан азарга”, “Мөнгөн гүү”, “Молор унага” шагналыг 2016 оноос олгож эхэлсэн билээ.
Энэхүү шагналыг гурван жилийн давтамжтай зохион байгуулагддаг шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдааны үеэр гардуулдаг уламжлалтай.
Шагналын болзол:
Монголын Улсын хэмжээнд тухайн азарганы үр төлүүд Улсын их баяр наадам, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаан, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанд олон удаа түрүүлгэж, айрагдуулан өвөг дээдсийн удам судар, нутаг орон, уул ус, адууныхаа удам угшлийг алдаршуулан гайхагдсан адуучны гэр бүл, гал голомтод Монгол Улсын "Алтан азарга” шагналыг олгоно.
"Алтан азарганы болзолд хамрагдаж байгаа адуу нь өөр хүнд зарагдсан, өөр хүний нэр дээр уралдсан байж болох бөгөөд унаган эзний тамга, имтэй байна.
Улсын их баяр наадам, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаан, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанд үр төлүүд нь хамгийн олон удаа түрүүлж, айрагдсан өвөг дээдсийн удам судар, нутаг орон, уул ус, адууныхаа удам угшлийг алдаршуулан гайхагдсан гүүний эзэн адуучны гэр бүл, гал голомтод Монгол Улсын “Мөнгөн гүү” шагналыг олгоно.
“Мөнгөн гүүний” болзолд хамрагдаж байгаа адуу нь өөр хүнд зарагдсан, өөр хүний нэр дээр уралдсан байж болох бөгөөд унаган эзний тамга, имтэй байна.
Шалгаруулалтын үндсэн шалгуур:
• Азарга, гүүний удам угшил
• Үр төлүүд нь Улсын наадам, “Их хурд”, бүсийн уралдаанд гаргасан амжилтын цуваа
• Холбогдох тодорхойлолт, баримт бичгүүдийн бүрдүүлэлт
Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 8 дугаар сарын 1-ний дотор.
Материал хүлээн авах хаяг: Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ажлын алба Холбоо барих утас: 88006355
Эх сурвалж
| Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо
|