"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв, “Эрдэнэт” сувиллын цогцолборт хэвтэн эмчлүүлж байгаа “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн амрагч хүүхдүүдийн асран халамжлагч нартай өчигдөр уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонсож, ярилцсан.
Энэ үеэр, асран хамгаалагч нарын зүгээс тавьсан хүсэлтээр зарим асуудлыг шийдвэрлэж эхэллээ. Үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас нийслэл болон бусад хөдөө, орон нутгаас зорин ирсэн асран хамгаалагч нарыг түр хугацаанд байрлах нөхцөл боломжоор хангахаар шийдвэрлэн, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш нарын дотуур байрыг бүрэн суллаж, бэлтгэсэн. Өчигдрийн байдлаар тус байранд 2 асран хамгаалагч болон зуслангаас ирсэн 8 багш байрласан байна. Мөн 2 гэр бүлийн 6 хүн өмнө буудаллаад байсан зочид буудлаасаа гарч, өнөөдөр тус сургуулийн дотуур байранд байрлахаар болжээ. Түр байрлаж байгаа асран хамгаалагч нарын хэрэгцээт цэвэр ус, ариун цэврийн хэрэгслийг бэлтгэн өгсөн байна.
Асран хамгаалагчдын санал, хүсэлтийн дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд шаардлагатай эм, тарианы чанар, нөөц бүрдүүлэлтэд онцгой анхаарч, өдөр тутмын хэрэгцээний цэвэр ус, 00 цаас, шүдний оо, ариун цэврийн хэрэгслээр хангах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.
“Сэлэнгэ” амралтын баазын 40 ажилтнаас өчигдөр бактерлогийн шинжилгээ авсан. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах юм.
Мөн хүүхдийн зуслангийн хоол үйлдвэрлэлийн байр болон амрагч хүүхдүүдийн байрлах байруудад (нийт 4250м2 талбайд) ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгээд байна.