Монгол Улсыг сурталчлах арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Vivace урлагийн боловсролын төв, Дэлхийн хөгжимчдийн холбооны Хятад дахь хороо болон Иоханнес Брамсын Олон Улсын тэмцээний Хятад дахь зохион байгуулах хороотой хамтран “Монгол-Хятад хүүхэд багачуудын сонгодог хөгжим” сэдэвт тоглолтыг Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн төвд долдугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү тоглолтод Монгол, Хятадын хүүхэд багачуудын төлөөлөл оролцож, монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүд болон дэлхийн сонгодог хөгжмийн суут зохиолчдын зохиолуудаас тоглон үзэгчдэд хүргэлээ. Энэ нь хоёр улсын хүүхэд багачууд харилцан туршлага солилцох, улс орныхоо хөгжим, соёлын үнэт зүйлсийг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.