Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж Баян- Өлгий аймгийн Бурхан шашинтны төв “Өлзий буян өргөжих хийд”-ийн шинэ дуганы нээлтийн ёслолд хэлсэн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
БАГШ ГУРВАН ЭРДЭНЭ ДОР БИШРЭНГҮЙГЭЭР МӨРГӨМҮҮ.
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн зуны дунд морь сарын хуучдын 25-ны билгэт сайн өдөр Баян-Өлгий аймгийн Бурханы Шашинтны төв “Өлзий буян өргөжих хийд”-ийн шинэ дуганы нээлтийн ёслолд морилон саатсан авралт итгэл багш дээдэс, хутагт хувилгаад, лам хувраг, хүндэт зочид, сүсэгтэн олон та бүхэндээ өлзий учрал бүрдсэн энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье!
Их Монгол оронд маань Бурханы шашин 2000 орчим жилийн тэртээ Энэтхэгээс дундад Ази, Ли, Хотон болон Төвөд орноос гурвантаа дэлгэрэхдээ Наландарын их сургуулийн уламжлалд суурилан Монголчуудын олон зууны түүх соёл, ёс суртахуун, зан заншил, ахуй амьдралд нэвт шингэн хөгжсөн билээ.
Ийнхүү Бурханы шашныг “Монголын Бурханы шашин” болгон хөгжүүлэхэд Оройн дээд Очирдара анхдугаар Богд гэгээн Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар дээдэс болон үе үеийн богд Жавзандамба хутагтуудын оруулсан ач ивээл, гавьяа зүтгэл цаглашгүй их юм.
Мөн энэ жил Их Эзэн Чингис хааны алтан ураг, Монголын Бурханы шашны тэргүүн, Оройн дээд Очирдара, аврал итгэл Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар дээдсийн түмэн өлзий гийсний 390 жилийн тэгш ой тохиож буй цаг дор Монгол орны маань баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Бурханы Шашинтны төв “Өлзий буян өргөжих хийд”-ийн шинэ дуганыг цогцлоон байгуулсан нь Монгол орноо Бурханы шашин улам өргөжин дэлгэрэхийн ерөөл билэг жигдэлсэн сайхан үйл болж буй агаад “Өлзий буян өргөжих хийд” дахин сэргэх үйлд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн эрдэмт лам хуврагуудын гавьяа зүтгэл, ач буянд даган баясаж залбирмуй.
Энэхүү Шинэ дуганы нээлтэд Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн Намжал дацан болон нууц тарнийн Жүддод дацангийн хансүр, Ялгуусан их Очирдара лугаа ялгашгүй нэгэн мөн чанарт, бид бүгдийн язгуур үндэсний ачит багш (Хэргийн тухайд алдрыг тань өгүүлэхэд) Жадо ринбүчи Жэвзүн Данзанжунай балсанбу дээдэс морилон саатаж дээдийн номын рашаанаар шавь биднийг цэнгүүлэн зохиосон цаглашгүй их ач ивээлд тань гурван үүднээс бишрэнгүйгээр мөргөн талархлын тахил өргөмүү.
Өнө эртнээс өвлөгдөн ирсэн түүх, соёлын биет өвийг сэргээх, залгамж халааг бэлтгэх, нийгмийг соён гэгээрүүлэх, ёс суртахууныг түгээн дэлгэрүүлэх, амар амгаланг тогтоох, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, бурхны сургаал номыг хойч үедээ уламжлуулан үлдээх ариун их үйлст чин сүсгээр өглөгийн эзэн болсон Ч.Мөнхцэцэг тэргүүтэй өглөгийн эзэд та бүхэнд Монголын Бурханы шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн лам хуврагуудын өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж буянд тань даган баясъя.
Ингээд Баян-Өлгий аймгийн Бурханы Шашинтны төв “Өлзий буян өргөжих хийд”-ийн маань лам хуврагууд Винайн ёсоор явдал мөр нь ариун, номлол бүтээлийн үйлст элдвийн барцадгүй, эш онолын шашныг дэлгэрүүлэх зохиол үйлс нь шинийн саран мэт арвидан дэлгэрэхийн ерөөлийг өргөе!
ДЭЭДИЙН НОМЫН ГЭГЭЭ ЗҮГ БҮХНЭЭ ТҮРДЭЛГҮЙ ЦАЦАРЧ, ХАМАГ АМЬТАН НОМЫН РАШААНААР ЦЭНГЭН ЖАРГАХ БОЛТУГАЙ!