ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэгээс тодрууллаа.
-Нэр бүхий УИХ-ын гишүүн асан хоёр хүүхэд бусадтай бүлэглэн хүн зодож танхайрсан, хар тамхи хэрэглэсэн гэх мэдээлэл түгээд байна. Хэргийн талаар тайлбар өгөөч?
-Энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03:30 цагийн орчимд СБД-ийн гуравдугаар хороо Хүүхдийн 100 орчимд бусдад зодууллаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Харьяа цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Шалгалтын явцад 28 настай Т, 29 настай С нар нь иргэн С-ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа явагдаж байна. олон нийтийн сүлжээгээр нэр бүхий УИХ-ын гишүүдийн хүүхдүүд гэх мэдээлэл явсан. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас энэ талаар мэдээлэх боломжгүй байна.
-Хар тамхи илэрсэн гэх мэдээлэл бий?
-Энэ хэргийн тухайд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэх дээр цагдаагийн байгууллагаас тест тавьж ажилласан. Одоогоор шалгалт үргэлжилж байна. Шалгалтын хариу гарахаар эргээд мэдээлэл хийж болно.
-Тухайн танхайрсан этгээдүүд дөрвүүлээ байсан гэх мэдээллийг ар гэрийнхэн өгсөн. Одоогоор хоёр хүнийг л шалгаж байгаа юу?
-Мөрдөн байцаалтын явцад хэрэгт авагдсан баримтуудаар дээр дурдсан хоёр иргэнээс гадна дахин хоёр иргэнийг эрэн сурвалжилж ажиллаж байгаа.
-Хохирогчийн биеийн байдал ямар байгаа вэ?
-Хохирогчийн хувьд биеийн байдал сайнгүй байгаа. Эмнэлгийн байгууллагын хяналтад эмчилгээ хийлгэж байгаа гэсэн мэдээлэл авсан.
-Мөн Ховд аймагт 70 гаруй насны иргэн хоёр давхраас унаж амиа алдсан тухай мэдээлэл байна. Өмнөх барилгын трасс тасарсан компанийн ажилчин мөн үү?
-Өчигдөр Ховд аймгийн цагдаагийн газарт 13:30 цагийн орчимд энэ хэрэг бүртгэгдсэн. Хэргийг цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа хийгээд явж байна. 71 настай иргэн барилга дээр туслах ажилчнаар ажиллаж байгаад унаж нас барсан гэх нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Өмнөх Ховд аймагт барилгын трасс тасарч гурван хүн амиа алдсанаас өөр компани. Хамааралгүй өөр тусдаа баригдаж байсан барилга.