Энэ сарын 18-нд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд ажиллаж, 45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулах үүрэг өгсөн. Тэгвэл өнөөдөр зөвшөөрөлгүй барьсан түр байгууламжийг буулгаж дууслаа.
Тодруулбал, “Голден Билигт” ХХК нь анх 2024 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн Засаг даргад зуны түр үйлчилгээ буюу жишиг гудамж төслийг хэрэгжүүлэхээр төслөө танилцуулж байжээ. Ийн долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зуны түр зөвшөөрлийг олгосон байна. Гэсэн хэдий ч тус байгууллага нь наадмын амралтын өдрүүдээр зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн сандлыг буулган, тухайн талбайд есөн ширхэг зөөврийн кофе шопын зориулалттай путикийг байрлуулаад байсан юм.
Энэ нь нийтийн өмчид халдсан төдийгүй явган хүний зорчих эрхийг хязгаарлаж байсан тул түр байгууламжийг ийн өнөөдөр буулгаж дууслаа. Үргэлжлүүлэн нийтийн эзэмшлийн сандлыг буцаан угсарч байна.