2025 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 03:30 цагийн орчимд СБД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хүүхдийн 100-д УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн захирал, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, Эрэл группийн захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, Таванбогд группийн захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан нар нийлж танхайран хүн зодсон хэрэгт холбогдоод байгаа.
Одоогоор Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг цагдан хорьсон. Тэдний цагдан хорих хугацаа өнөөдөр 21:40, 22:00 цагт дуусгавар болно. Цагдан хорих хугацааг сунгах саналыг прокурорын байгууллагаас шүүхэд гаргасан нь одоо шүүх хурлаар орж, хэлэлцэгдэж байгааг албаны эх сурвалжууд мэдээлэв.
Таванбогд группийн захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан энэ сарын 20-ны өдөр хилээр гарсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл хэрэгт холбогдсон 4 дэх этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, баривчилжээ. Одоогоор тус этгээдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл алга. Хэргийн талаар эргэн мэдээлэх болно.