Үндэсний баяр наадам, аймгуудын наадмын бөхчүүдийн допингийн хариу эхнээсээ гарсан. Энэ талаар Монголын үндэсний допингийн эсрэг төвийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны дарга С.Зүчиэс тодрууллаа.
-Зарим аймгуудын наадамд шөвгөрсөн зургаан бөхөөс хориотой бодис илэрсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинээр хэрэгжиж буй заалтын буюу 21.5 дахь заалтын дагуу аймгийн чанартай наадмуудаас шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс энэ жилээс эхлэн шинжилгээ авдаг болсон. Одоогийн байдлаар бид 18 аймаг, гурван дүүргээс аваад байна. Дорнод, Дорноговь, Увс аймгийн наадам одоогоор болоогүй. 18 аймаг, алслагдсан гурван дүүргээс нийт 88 шинжилгээ авсан. Тухайн сорьцыг хууль хүчний байгууллагуудын хажууд аваад, мөн хууль хяналтынхны хяналтад Герман улсад итгэмжлэгдсэн лабораторид хүргэж өгсөн. Сорьцуудыг бид долдугаар сарын 13-ны 13:45 цагт хүлээлгэн өгсөн. Тухайн үед зарим сорьцууд тас хөлдүү байсан. тиймээс долдугаар сарын 14-ний өглөө 08:00 цагаас шинжлэх ажил эхэлсэн. Долдугаар сарын 14-нд 84 сорьцын шинжилгээнээс 70 хариу нь ирсэн. Энэ 70 хариунаас хориглосон бодис илэрсэнгүй гэдэг хариу ирсэн. Долдугаар сарын 18-нд зургаан хариу ирсэн. Долдугаар сарын 21-нд хоёр хариу ирсэн. өнөөдөр нэг хариу ирж байна. Өнөөдрийн байдлаар нийт 79 хариу ирсэн бөгөөд 5 хариу одоогийн байдлаар ирээгүй байна. 79 хариунаас долоод нь хориглосон бодис илэрсэн нь лабораторийн дүгнэлтээр. тогтоогдоод байна. Илэрсэн долоон хүний зургаад нь бид хариуг нь танилцуулсан. Дүрмээрээ бид эхлээд тамирчинд нь хариуг нь танилцуулж, шинжилгээний дүгнэлтийг танилцуулдаг. Мөн өөрийнх өгсөн хуудсуудыг буцааж үзүүлнэ. Тухайн тамирчид эмчилгээний журмаар хэрэглэсэн байна уу, эмчийн бичгээр хэрэглэсэн байна уу гэдгийг шалгах материалыг бүрдүүлж өгөх хугацааг нь зааж өгдөг. Мөн тайлбар өгч болно. Ийм асуудал болсон, яаралтай асуудал гараад эмчилгээ хийлгэсэн гэх мэтээр тайлбараа өгч болно. Үнэхээр тийм асуудал гарсан бол тэдгээр тайлбараа өгөх бололцоог бид хангаад, тамирчиндаа бүх мэдээллийг өгдөг. Ойролцоогоор 8-9 хуудас материалтай танилцуулна. Одоогийн байдлаар бид зургаан тамирчинд мэдэгдлээ хүргүүлэн ажиллаж байна.
-Зарим бөхчүүд өөрсдөө мэдээгүй байхад мэдээллээ гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлж байна. Тэгэхээр мэдээлэл хүрсэн гэсэн үг үү?
-Хүрсэн. Бид и-мэйлээр эхлээд явуулна. Давхар мессеж, viber-аар мэдээллээ явуулсан. Түүнээс гадна мэдээллийг тамирчинд явуулахаас гадна Үндэсний бөхийн холбоо, тухайн аймгийнх нь Засаг даргын тамгын газар руу нэгэн зэрэг мэдээллийг явуулж байгаа. Зургаан тамирчин бүгд мэдээллээ авчихсан.